07.23

Элэгний С вирүсийн эм аравдугаар сарын сүүлээр ирнэ

Хепатит С вирүс илэрүүлдэг оношлогоо эмчилгээ хяналтын талаар ХӨСҮТ-өөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сарын 22-нд “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээ нээлтээ хийж “Хепатит C вирүст халдварын илрүүлэг, ононшлогоо эмчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах байгууллага” болохыг батламжилсан батламжийг гардуулж байсан. Мөн эмчилгээний шинэ эм болох 94 мяган ам.доллараар зарагддаг “Харвони”, “Совалди” эмийг  “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд уг эмийн үнийг 98.2 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 1200 ам.долларын өртөгтэй нийлүүлэх болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ эмүүдийг аравдугаар сарын сүүлээр ханган нийлүүлэхээр болжээ.
“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот болон аймгуудад C вирүст халдвартай хүнийг эмчлэх, хянах улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй эмч, мэргэжилтинд энэ оны зургадугаар сарын 15-16-нд сургалт зохион байгуулсан билээ. 

Уг эмийг нийлүүлэх албан ёсны борлуулагчаар “Омбол” ХХК  ажиллаж байгаа бөгөөд нийслэл болон орон нутагт эмийг цахим жорын дагуу олгох эмийн сангуудын нэрийг олон нийтэд мэдээллэх ажээ.

Харин тухайн иргэн Хепатитын C вирүст халдвартай эсэхээ мэдэхийг хүсвэл нэгдүгээрт харьяа өрх, сумынхаа эрүүл мэндийн төвөөс мэдээлэл зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ халдвартай гэдэг нь тогдоогвол ХӨСҮТ, Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг БОЭТ, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт очин сургалтанд хамрагдсан халдвартын болон дотрын эмчид үзүүлнэ.

Хэрэв та хүсвэл хувийн хэвшлийн эмнэлэгт хандаж болох юм байна. Тухайн эмч өвчтөнийг бүртгэн энэхүү  бүртгэлээ лаборатори болон эм ханган нийлүүлэх компаниудад хуваалцах юм байна. Улмаар Хепатитын С вирүс тоолох шинжилгээ хийх эрх авсан лабораторид шинжилгээ хийлгэх боломжтой болно.

Гэхдээ аравдугаар сард эм ирэх учраас эм олгох эрх бүхий эмийн сангаас эмчийн цахимаар ирүүлсэн жорын дагуу эмээ авна. Харин ууж дууссаны дараа эмийн хайрцгийг тухайн эмийн санд буцааж өгч уусан эмээ бүртгүүлэх ёстой юм байна. Ингэснээр эмийг өөр хүнд дамжуулах эрсдэл буурна гэж албаныхан үзэж байгаа ажээ. Түүнчлэн эмийн компани, лаборатори, эмч гэсэн гурван сүлжээ үүссэн бүртгэл явах учир бүх бүртгэлийг ХӨСҮТ хянаж өөр хүнд дамжих эрсдэлгүй гэж үзэж байгаа юм.

Хепатитын C вирүсийг тоолох лабораторийг шалгаруулах бөгөөд лабораториуд хүсэлтээ өгөх хэрэгтэй. Одоогийн байдлаар хүсэлтээ ирүүлсэн есөн лаборатори байгаа юм байна. Хүсэлт ирүүлсэн лабораториудыг ХӨСҮТ шалган үзээд гэрчилгээ олгох аж. Харин ирэх сарын сүүлээр Хепатитын С вирүс шалгах лабораториуд тодорхой болно.