07.24

Төөтөө шинэ “Ланд”-аараа хүүхэд мөргөөд зугтсан гэв үү

"Эмоци" продакшны захирал, жүжигчин Төөтөө буюу Д.Түвшинтөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд очих үеэр машинаараа хоёр хүүхэд мөргөчихөөд хэргийн газраас зугтсан гэх мэдээлэл цацагджээ.

Тодруулбал, өнгөрсөн баяр наадмын үеэр буюу энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Хорхорин суманд хоёр хүүхэд машинд мөргүүлсэн зам тээврийн осол гарчээ. Мөргүүлсэн хоёр хүүхдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Энэхүү ослыг МУСТА, “Эмоци” продакшны захирал Д.Түвшинтөр гаргасан хэмээн нутгийн хүмүүс гэрчлээд байгаа аж.

Нутгийн хүмүүс "Д.Түвшинтөр баяр наадмын үеэр аймагтаа шив шинэхэн, цагаан өнгөтэй LEXUS 570 маркийн машинаар гангарч ирсэн. Осол гардаг 12-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очоод буцахдаа нэлээд халамцуу байдалтайгаар машин барьж яваад ийнхүү хоёр хүүхэд мөргөсөн" хэмээн ярьсан гэнэ.

Уг ослыг олон хүн хараагүй тул жүжигчин маань хэргийн газрыг орхин зугтаж, цагдаа нар түүнийг Хотонт суманд явж байхад гүйцэж барьсан сурагтай. Харин Д.Түвшинтөр энэ асуудлыг үгүйсгэж, "Тийм зүйл ёстой байхгүй. Би энэ жил Хүй долоон худагт найз нөхөдтэйгөө морь үзээд л наадмыг өнгөрүүлсэн. Манай "Эмоци" продакшн “Боловсрол” суваг телевизийнхэнтэйгээ хамтраад дахин нэг уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. Зав муутай байгаа шүү дээ" хэмээсэн гэнэ.

Ямартай ч хоёр хүүхэд осолд орсон нь үнэн бөгөөд цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа аж. Харин хэрэг гаргасан этгээд нь жүжигчин Д.Түвшинтөр мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.