07.27

Ургацаа алдсан гэмийг салбарын сайдаас нь асуу

Наадмын өдрүүд хойно хоцорч намрын бэлтгэлээ базаах цаг юу юугүй хаяанд ирлээ. Энэ жил нийт нутгаар бороо хур багатай ган гачиг элбэгтэй байгаа болохоор өвсний гарц муу байгаа. Үүний хажуугаар улс орны хамгийн  чухал салбар болох хөдөө аж ахуйн салбар хүндхэн нөхцөлтэй нүүр туллаа.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-наас эхлүүлж, нийт 511.2 мянган га-д тариалалт хийсэн.  Үүнээс үр тариа 387.9 мянган га-д, үүнээс улаанбуудай 359.7 мянган га-д, төмс 12.6 мянган га-д, хүнсний ногоо 6.9 мянган га-д, тосны ургамал 78.5 мянган га-д, тэжээлийн ургамал 19.5 мянган га-д, эмийн ургамал 5335 га-д, жимс, жимсгэнэ 228 га-д тус тус тариалсан юм.

Харамсалтай нь энэ жил ургац алдах тодорхой болжээ. Одоогоор төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах нь тодорхой болсон мэдээлэл тариалангийн бүсээс ирээд эхэллээ. Энэ хэмжээгээр ургац алдвал бид 200-230 тонн улаанбуудай хураана гэсэн үг.

Газар тариалангийн холбооноос өнгөрсөн өдрүүдэд тариалангийн талбайдаа ажилласан бөгөөд манай улсын тариа буудайн голлох нутаг Сэлэнгийн хувьд нийт ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болжээ.

Ингэснээр ирэх өвөл монголчууд бид өлсөж мэдэхээр болоод байна. Мэдээж гаднаас импортоор буудай авах л байх. Тэр нь тэнгэрт тулсан үнээр орж ирнэ. Учир нь манай урд, хойд хөршүүд ч гэсэн энэ жил тариа буудайгаа хүссэн хэмжээгээрээ хурааж авч чадахгүй болсон гэдгээ албан ёсоор зарласан. ОХУ тариалангийнхаа 25 хувийг алдах нь тодорхой болсон гэдгээ мэдэгдсэн. Харин өмнөд хөрш маань 25-30 хувиа алджээ. Дээрх улсууд тавдугаар сарын сүүл болон зургаадугаар сарын үед манай улстай яг адилхан гантай байсан. Тэд цаг тухайд нь үүлээ буудаж газар тариалангийн бүс нутгууддаа бороо хур оруулснаар 20-30 хувийн ургацаа л алдаж байна. Манай бол эсрэгээ бахь байдгаараа “Ургац алдах нь тодорхой боллоо” гэсэн марзан юм ярьцгаагаад л сууж байх жишээтэй. Яам тариаланчдын хүсэлтээр цаг тухайд нь үүлээ буудаад хур тундас оруулсан бол Орос, Хятад шиг 20-30 хувиа алдах боломж байсан уу гэвэл байсан.

Тариаланчид ажлаа мэдэхгүй хэмээн салбар яамныхандаа нэлээдгүй ам муутай сууцгааж байна лээ. Учир нь тухайн үед ХХААЯ-д олонтаа бичиг явуулж “ган гачиг болох нь газар тариалангийн бүс нутагтаа үүл буудаж бороо хур оруулж өгөөч” гэж хүссэн байдаг. Харамсалтай нь энэ хүслийг нь салбарын сайд нь гүйцэлдүүлж өгөхгүй байсаар өнөөдөр ийм “амжилтанд” хүрчээ. Ургац алдах үйл явцыг томоор харвал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Гаднаас өндөр өртөгөөр буудай, гурил авна. Түүнийхээ хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

Арай багаар харвал банкнаас өч төчнөөн төгрөгийн зээл аваад газарт булсан иргэд, аж ахуй нэгжүүд жинхэнэ утгаараа хамраараа газар хатгах нь тодорхой. Дарга нар одоо бороо орвол буцаад сэргэнэ гэсэн шумыг нийгэмд тарааж байна. Харамсалтай нь тийм зүйл хэзээ ч болохгүй. Механик болцондоо орсон тариаг мянга услаад нэмэргүй гэдгийг захын тариачин хүүхэд л мэдэх зүйл шүү дээ. Эндээс тус яамныхан ажлаа хэрхэн мэддэг болох нь харагдаж буй гэлтэй. Мэдлэг байх, сэтгэл байхгүй, ажлаа мэдэхгүй, дээрээс нь тариаланчдынхаа үгийг сонсдоггүй Хөдөө аж ахуйн яамныханыг яах вэ.

Газар тариалан бол манай улсын чухал салбаруудын нэг. Үүнийг уналтад оруулсан хэсэг бүлэг хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй.

Нөхцөл байдал ийм хүнд байгааг мэдсээр байж Р.Бурмаа сайд наадмын өдрүүдэд ёстой л наадаж цэнгэж явсан даа. Хүй долоо худагт бэсрэг наадам хийхээс наагуур л юм болсон. Сайдын гал гаднаа туг далбаа, усалгааны систем, том оврын буюу 165 морины хүчин чадал бүхий трактор байрлуулжээ. Орсон, гарсан гадаад дотоодын зочдод уртын дуу сонсгож, морин хуурын татлага татаж сонирхуулсан шигээ олны нүдийг хужирлаж байв. Төсвийн мөнгөөр наадамлаж, техникийн хүчээр Хүй долоо худагт ус асгаж сууж байхаар гантай зудтай байгаа тариалангийн бүс нутагтаа анхаарлаа хандуулахгүй дээ.

Гэхдээ амар, амар. Жилийн жилд улаанбуудайг минь авахгүй байна гэж хэрэлддэг цаг ард хоцорлоо. Энэ жил мянга хүссэн ч тийм хэрүүл гарахгүй нь. Юу ч хурааж аваагүй хүмүүс юугаараа хэрүүл хийх вэ дээ. Монголын газар тариаланг элгээр нь газар хэвтүүлчихлээ хөөрхий.

Г.Ган