Нийслэлчүүд ухаалаг карт ашиглаж, кондукторгүй автобусаар зорчиж сурах гэж үнэндээ “мунгинаж” байгаа юм. Уг нь өнгөрсөн баасан гаригаас эхлэн хэрэгжиж эхэлсэн ч нарийн ширийн мэдээлэл байхгүйгээс болж энэ долоо хоног хүртэл хойшлуулсан байдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 1200 гаруй автобусанд цахим карт унших төхөөрөмжийг бүрэн суурилуулжээ.
Мөн цахим карт борлуулах 250 гаруй цэгийг автобусны буудлуудад байршуулсан байна. Иргэд цахим картаа 3600 төгрөгөөр худалдан авна. Улмаар дахин цэнэглэж ашиглах боломжтой. Ингэхдээ автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад, гарахдаа хойд хаалганы дэргэдэх цахим төхөөрөмжид уншуулна. Дараагийн автобусандаа 30 минутын дотор дахин шилжиж суувал цахим картаар үнэгүй зорчино.
Нийслэлд нийт 300 цэгээр цахим карт борлуулах аж. Цахим төлбөрийн систем буюу ухаалаг карттай холбоотой мэдээллийг та 7811-1289 дугаарын утсаар авч болно гэдгийг албаныхан хэлэв.