07.29

Хагас жилийн дотор 676 хүмүүжигчийг хугацаанаас нь өмнө суллажээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнгээ танилцуулж, өнгөрсөн зургаан сарын хугацаанд ямар ажил хийж, гүйцэтгэснээ тайлагнасан юм. Хэвлэлийн бага хуралд олон нийтэд мэдээлэл өгөхөөр Шүүхийн судлалын сургалт хариуцсан ахлах референт Э.Өлзийсайхан, судлаач Л.Ганбаатар нар оролцов. Тэдний өгч буй мэдээллээр бол зөвхөн анхан шатны шүүхийн шүүгч нар л гэхэд өнгөрсөн хагас жилийн хугацаанд эрүүгийн 3569, иргэний 20033, захиргааны 635 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс гадна 9314 зөрчилд захиргааны хариуцлага тооцож, хорих ял эдэлж байсан 676 хүмүүжигчийг хугацаанаас нь өмнө сулласан байна. Түүнчлэн 1780 иргэнийг баривчлах, цагдан хорих арга хэмжээ авчээ. Харин давж заалдах шатны шүүгч нар эрүү, иргэн, захиргааны 2800 гаруй хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 12.6 хувиар өсчээ. Тэгвэл хяналтын шатны шүүгч нар 1079 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд мөн өмнөх жилтэй харьцуулахад 9.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Хэвлэлийн бага хурлын үеэр судлаач Л.Ганбаатар хэлэхдээ, “Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар шүүхээс 991 хүнийг сэжигтэн, 789 иргэнийг яллагдагчаар цагдан хорих зөвшөөрөл олгосон. Мөн 439 сэжигтнийг баривчлах материал хүлээн авснаас 407-д нь зөвшөөрөл олгож, 32 иргэнийг баривчлахаас татгалзсан” гэв. Монгол Улсын шүүхээс энэ оны хагас жилд нийт зургаан тэрбум гаруй төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэх үүрэг авсан. Тэгвэл үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 5.7 тэрбум, захиргааны зөрчлийн торгох арга хэмжээгээр есөн сая орчим төгрөг, эд хөрөнгө хураах ялаар 100 гаруй сая төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.БАТ