07.30

Ч.Сайханбилэгийн танхимд орох шинэ сайдууд хэн бэ

Хаврын чуулган завсарлахын өмнө АН шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн танхимаас МАН-ын зургаан сайдыг хөөх шийдвэр гаргасан. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дарга нар болоод Ерөнхий сайдыг дуудаж Засгийн газарт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа дуулгасан ч тусыг эс олсон гэж болно. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг, Гүйцэтгэх зөвлөл нь МАН-ын зургаан сайдыг хөөх шийдвэрийг хэдийнэ гаргасан юм.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ирэх наймдугаар сарын 3-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Үндсэндээ МАН-ын зургаан сайдыг огцруулах юм. Харин Ч.Сайханбилэгийн танхимд шинээр орох сайд нарын тов хэдийнэ яригдаад эхэлсэн бөгөөд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал оногдсон гэх бор шувуу байна. Тодруулбал, Шадар сайдаар Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Сангийн сайдад Р.Амаржаргал, БОАЖНХ-ийн сайдаар Г.Баярсайхан, БХБ-ын сайдад Ц.Баярсайхан, Зам тээврийн сайдад УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Хөдөлмөрийн сайдаар Л.Эрдэнэчимэг нарыг томилох тухай хүчтэй яригдаж эхлэллээ.

Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан “МАН-ыг засгаас гаргавал би ажлаа хүлээлгэж өгнө” гэж мэдэгдсэн удаатай. Иймд “Шударга ёс” эвсэл дэх МАХН, МҮАН-ынхан хоорондоо хагаралдаж магадгүй гэсэн урьдчилсан таамаг ч байгаа юм. Тэгэхээр М.Энхсайхан ажлаа өгвөл түүний оронд МАХН-аас сайдад нэр дэвшүүлэх хувилбар явж байгаа ч Шадар сайдын суудалд МАХН-аас томилогдвол тус намд гурван суудал  өгнө гэдэг нь  юу л бол. Харин ИЗНН-д энэ удаа сайдын суудал өгөх байх гэсэн яриа байна. Нөгөөтэйгүүр ээлжит бус чуулганаар зөвхөн МАН-ын зургаан сайдыг сольсноос Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай нөхөд ч байна.

Хэрвээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулаад дараагийн Засгийн газрыг байгуулахаар бол намрын чуулганыг хүлээхээс наашгүй. Гэтэл наадмын дараа намар гэдэгчлэн ид ажлын үеэр сандал суудалтай зууралдаад байх нь хэр зохимжтой бол. Үндсэндээ эрх баригчид наадмаас наадам дамжиж хэссээр зун дуусч ээлжит бус чуулган зарласан ч хэлэлцэх асуудлаас болоод мөн л шүүмжлэл дагуулаад байна. Ямартай ч ирэх наймдугаар сарын 3-нд Ч.Сайханбилэгийн танхимд өөрчлөлт орох бололтой. Өөрөөр хэлбэл, хэнтэй хэрхэн хамтарч, хэдэн суудал хэнд хуваарилсан нь тун удахгүй тодорхой болох юм.

Г.НАРАН