Хойд Солонгос улсын хиймэл дагуул хөөргөх талбайдаа хийсэн засварын ажил бүрэн дууссан нь шинэ хиймэл дагуулын бичлэгээс тодорхой болжээ. Ирэх аравдугаар сард тус улсад Хөдөлмөрийн нам байгуулагдсаны түүхт 70 жилийн ой бөгөөд үүнтэй холбогдуулан томоохон олон арга хэмжээ зохион байгуулагдахын зэрэгцээ, урт зайн тусгалт цөмийн пуучин харвах магадлалтай байгаа гэнэ.
АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн АНУ-Солонгосын судалгааны хүрээлэн хиймэл дагуулаас ирүүлсэн шинэ дүрс бичлэгт судалгаа хийж, улмаар энэ хавар эхэлсэн хиймэл дагуул хөөргөх талбайн засварын ажил бүрэн дууссан нь тодорхой болсон тухай мэдэгдсэн байна.
Тус судалгааны хүрээлэнгийн вэб сайт “38 north”-д нийтлэгдсэн судалгааны дүнгээс үзвэл ирэх аравдугаар сарын 10-нд тохиох Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр урт зайн тусгалт пуужин харвах бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байгаа нь тодорхой болжээ.
Улмаар үүнтэй холбогдуулан Хойд Солонгос улсын НҮБ дахь байнгын төлөөлөгч Чан Ил Хун яаралтай хэвлэлийн хурал зарлаж “Хойд Солонгос олон улсын конвенцд ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас юу хийх нь бидний эрх юм. Тиймээс дахин цөмийн туршилт хийнэ гэдгийг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгджээ.