07.30

Газрын тосны үнэ унаснаас төсвийн орлого буурчээ

Уул уурхайн яамнаас энэ оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар олон нийтэд мэдээллээ. Энэ онд Уул уурхайн яам Гацууртыг стратегийн ач холбогдолтой ордод хамруулах тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Улмаар тус ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн боловч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн талаар салбарын сайд мэдээллээ. Мөн Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт төвлөрч буй орлогын 30, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд төвлөрүүлэх болсон гэдгийг онцоллоо. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 31.1 га талбайд олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс өргөдлөөр 20.9 сая га, сонгон шалгаруулалтаар 10.2 сая га талбайд зөвшөөрөл олгосон байна. Энэ онд цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж өргөдлөө гаргаагүй бөгөөд 1094 өргөдлийг хянан шийдвэрлэснээр 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Ашигт малтмалын газар энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 21.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүний 16.7 тэрбум төгрөг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр бол 877.8 сая төгрөг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр, үлдсэн нь бусад орлогоос бүрдсэн байна. Харин Газрын тосны газар 130 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 58 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Ингэснээр Уул уурхайн сайдын нийт багцын орлого болох 79.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь жилийн төлөвлөгөөний 24 хувийг л бүрдүүлсэн гэсэн үг юм байна. Ийнхүү төсвийн төвлөрөлт бага байгаа нь газрын тосны үнэ унасантай холбоотой гэж Уул уурхайн сайд Р.Жигжид тайлбарлалаа.

М.ЭНХЦЭЦЭГ