07.30

ДЦС-5-ыг бүтээн байгуулахад 1.5 тэрбум ам.доллар зарцуулна

ДЦС-5 төслийн концесс эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй байгууллагуудтай “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-нд өчигдөр гарын үсэг зурлаа. ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамгийн анхны түншлэл болж байгаагаараа онцлог юм. Энэ нь 1984 оноос хойш манай улсад баригдах анхны томоохон хэмжээний дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг станц болно. ДЦС-5-ын үндсэн бүтэээн байгуулалтыг 100 хувь гаднын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд Засгийн газар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хариуцах аж. Тухайлбал, төмөр зам, цахилгаан, дулааны шугам зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах юм. Уг станц нь 1.5 тэрбум ам долларын өртгөөр бүтэх тооцоо гарчээ. Концессын гэрээ нь эзэмших, ашиглах, шилжүүлэх гэсэн хэлбэртэй бөгөөд 25 жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл, ДЦС- 5-ыг барьж буй консорциум нь 25 жилийн хугацаанд эзэмшсэний дараа төрд шилжүүлэх юм. Энэхүү концессын гэрээнээс үндэслэн бусад гэрээнүүд батлагдах ёстой. Тиймээс эдгээр гэрээнд гарын үсэг зурж дуусах буюу ирэх оны эхний улирлаас бүтээн байгуулалтын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. ДЦС-5 станцыг бүтээн байгуулах консорциумд Франц, Япон, Өмнөд Солонгос, Монголын дөрвөн компани багтаж байна. Гаднын гурван компани тус бүр 30 хувь, дотоодын нэг компани нь 10 хувийг эзэмших аж. Консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай станцыг барьж байгуулахаар төлөвлөжээ. Станцад агаарын хөргөлттэй конденсаторын төхөөрөмж суурилуулснаар усны хэрэглээг их хэмжээгээр бууруулах төдийгүй төслийн барилга угсралтын ажлын хугацаанд 2700 хүртэл ажлын байр бий болгож, дотоодын олон тооны туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулах боломж бүрдэх юм байна.

Э.ТӨВЧИМЭГ