ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн нэлээд удаан судалсны дүнд “мөс” хил давуулан авчирч худалддаг хүмүүсийг тогтоосон байдаг. Улмаар заримыг нь саатуулан шалгаж байгаа юм билээ.
Тухайлбал, Баярмаа гэх нэгэн бүсгүйг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд хорьжээ. Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдоод ар өврийн хаалга хэрэглэн хариуцлагаас зайлсхийхийг оролддог зарим хүн шиг танил тал хайхгүй, анхны мэдүүлгээрээ гэм буруутайгаа хүлээсэн аж.
Хар тамхи хэрэглэгчид түүний нэрийг бүгд мэддэг бөгөөд “Мөсний хатан хаан Баярмаа” хэмээн өргөмжилдөг гэнэ. Тэрбээр нэлээд олон жил өмнөд хөршид амьдарч, хулгай хийж байсан нэгэн бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох нүх нь мансууруулах бодис борлуулах гэдгийг ажиглаж мэдээд эх орондоо иржээ.
Баярмаа өөрөө ч явж, өрөөлөөр ч “мөс” захиж авчруулан борлуулдаг байна. Тэрбээр нэг дор хамгийн их хэмжээний буюу 93 грамм энэ төрлийн мансууруулах бодис оруулж ирээд баригджээ. Харамсалтай нь, манай төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугаас болж шинжээчийн дүгнэлт гарахад удаашраад байгаа сурагтай.