07.31

Р.Бурмаа: 150 мянган тонн буудай дутна, дотоодоос бүрдүүлэх боломжгүй тохиолдолд импортлохоос аргагүй

Сүүлийн үед тариаланчид ургац алдаж байгаа болон салбарын сайд Р.Бурмааг ажлаа хийхгүй байна гэх зэргээр гомдоллох болсон. Тэгвэл ХХАА-н сайд Р.Бурмаа “Сайдын цаг” уулзалтад оролцож, ургацын төлөв байдал, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлсэн болон тус салбарт яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байна. Харин газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар наймдугаар 25-нд гарна” гэсэн юм.

Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хаврын тариалалт, уриншийн боловсруулалтад зориулж 1900 аж ахуйн нэгж, иргэнд 13,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэнэ. Түүнчлэн Р.Бурмаа сайд “Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь  сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургаадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах боломжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна” гэв.

Тэгвэл тариаланчид энэ жил ургацын 80 хувийг алдана гэсэн мэдээлэл өгөөд байгаа билээ. Харин салбарын сайд үүнийг “Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байна. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй” хэмээсэн.

Тариаланчид болоод салбарын удирдлагуудын хооронд жилийн жилд импортын буудайны асуудлаас болж маргаан үүсдэг. Тэгвэл Р.Бурмаа энэ талаар “Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэглэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай дутна. Түүнийг дотоодын нөөцөөс бүрдүүлэх боломжгүй тохиолдолд импортлохоос аргагүй. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ямартай ч тариаланчид салбарын удирдлагуудаа гаднаас хямд буудай импортолж, дотоодын буудайгаа авахгүй байна гэх гомдол гардаг. Нэгэнтээ тариаланчид  төв талбайд тариа асган тэмцэж ч байсан удаатай. Тэгвэл энэ удаа дээрх үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга. Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа бөгөөд ургац алдахыг ч салбарын сайд нь хэлсэн байна. Тэгэхээр тариаланчид хэр тариа хурааж, яамнаас хэчнээн тонн буудай импортлох эсэх нь тун удахгүй харагдах биз ээ. Юутай ч энэ салбарынхан сайдтайгаа одоогоор ойлголцолд хүрээгүй байгаа бололтой.

Г.НАРАН