07.31

Фонд-1” үзэсгэлэнг нээнэ

МУЭ-ийн хорооноос өнөөдөр "Фонд-1" үзэсгэлэнг нээж, олны хүртээл болгох гэж байна.

Эл үзэсгэлэнд монгол зураг, торгон зургийн дээжис буюу Ц.Даваахүү, Б.Чинтогтох, Ц.Байды, Ц.Дорж, Л.Наранцацралт, Я.Туяа, С.Мижиддорж,  Д.Бадам, Ц.Энхбаяр зэрэг МУЭ-ийн фондод хадгалагдаж буй 30 гаруй уран бүтээлчийн  бүтээлүүдийг дэлгэх юм.

МУЭ нь 1942 онд Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, зураач урчуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, бүтээн туурвих болон урлагийн бүтээлүүдээ нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан энэ салбарын анхдагч, хамгийн том олон нийтийн байгууллага юм. 73 жилийн түүхтэй энэхүү хороо эгнээндээ  500 гаруй уран бүтээлч гишүүдтэй. Түүнчлэн жил бүр Монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийг илтгэсэн 50 шахам уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.

“Хавар”, “Алтан бийр”, “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн”, “Монголын сайхан орон”, “Намар”, “Шинэ бүтээл” зэрэг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 3000 гаруй уран бүтээл үзэгч олны мэлмийг мялаадаг юм.  

МУЭ 1954 оноос өөрийн уран бүтээлийн фондыг үүсгэн сор болсон бүтээлүүдийг худалдан авч, хадгалж, борлуулж иржээ. 2015 оноос МУЭ-ийн хорооноос фондын үйл ажиллагааг сэргээн, одоо хадгалагдаж байгаа бүтээлүүдийг бусад үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, бүртгэлжүүлэх, хамгаалах, цуврал үзэсгэлэн болгон толилуулах зэргээр улам баяжуулж, арвижуулсаар байна.