08.03

Хүүхдийг хөхөөр хооллох долоо хоног эхэллээ

Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Хүүхдийг эхээс мэндэлсэн даруйд ангир уургийг амлуулах нь дархлааг сайжруулдаг төдийгүй хатгалгаа, суулгалт зэрэг өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг аж.

Манай улсын хувьд 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр иржээ.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Ингэснээр эхийн дархлаа сайжран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасан хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг байна. Мөн хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дутагдалд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг бөгөөд сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй аж.

Дашрамд дуулгахад, Эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний зургаан сарын дотор эндэх эрсдэл хоёр дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл тав дахин их, арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл хоёр дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл найм дахин бага байдгийг судлан тогтоожээ.