03.10

Автобус баазынхан ажил хаялтаа хойшлууллаа

“Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ “Автобус 1” ОНӨҮГ-ын буюу нэгдүгээр бааз нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагт ажил хаялт зарлах болсон талаар өчигдөр үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдсэн. Харин жолооч, кондукторуудын дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь ажил хаялтыг дэмжихгүй байгаа учраас ажилдаа гарсан байна. Энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад, “Ажил хаялт зохион байгуулаагүй. Манай гурван баазын өглөөний гаралт 100 хувь байна. Ажилтнуудын дийлэнх нь ажил хаялтыг дэмжихгүй байсан. Дэмжиж байсан хүмүүс нь зөвшилцлийн байдалд хүрээд ажилдаа гарцгаасан” гэв.

Ямар учраас ажил хаялт зохион байгуулсан талаар тодруулахад “Тарифын хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байна гэсэн шаардлага тавьсан. Үндсэндээ цалингаа нэмүүлэх талаар яригдсан. Харин Үйлдвэрчний эвлэлээс манай цалин бодох журам тооцоололтой танилцаад хэлэлцээр мөрдсөн ч одоогийн байгаа цалингаас илүү гарах боломжгүй гэж үзсэн. Цалин нэмбэл манайд хоёр тэрбум төгрөгийн алдагдал гарна. Үүнийг ямар эх үүсвэрээс нөхөх үү гэдэг талаар ярилцаж зөвшилцөнө. Манай цалингийн тухайд 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин байдаг.  Тиймээс үндсэн цалингаа нэмж, шагналт цалингаа багасгах талаар зөвшилцөж байна. Одоогоор ҮЭ-ээс ажил хаялтыг хэзээ хүртэл хойшлуулсан талаар албан мэдээлэл ирээгүй ч ам ярианаас харахад ирэх баасан гараг хүртэл хойшлуулсан бололтой” гэсэн юм.

Ямартай ч ажил хаяна хэмээн мэдэгдэж байсан Автобус баазын ажилтнууд өнөөдөр ажилдаа гарсан байна.

П.ТУУЛ