08.06

Автозамыг сэтлэхгүйгээр шугам, сүлжээний засвар хийх боломжтой боллоо

Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол шугамыг өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттай хааж, олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойг өргөтгөн шинэчилж дууслаа. Энэхүү зураг төсөл, барилга угсралтын ажиллагааны нээлт өчигдөр УИД-ийн өмнөх талбайд болов. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын удирдлага, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн дарга Р.Хайдав, УСУГ-ын дарга С.Үнэн нар оролцсон юм. Уг ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн энэ сарын15-ныг хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дууссан гэдгийг албаныхан онцолж байлаа. Дулааны шугам, сүлжээний гүйцэтгэлийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хөгжлийн банкны санхүүжилтээр“Хангилцаг”, “Эй Би Жи Энерго”, “Гандирс орд” компаниудын түншлэл хийж гүйцэтгэжээ. “Хангилцаг” ХХК-ийн захирал Ц.Мягмарсүрэн, “Дулааны шугамын насжилт 30-35 жил байдаг. Энэ шугам30 жилийн насжилттай. Шугам солихдоо хуучин ус зайлуулах хоолойг давхар шинэчилсэн. Энэхүү шугамыг тунелийн системээр хийсэн. Ингэснээр зам хааж, сэтэлж, хөндөхгүйгээр шугам сүлжээний засварыг хийх бүрэн боломжтой боллоо” хэмээн тодотгов. Энэ үеэр“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр эл ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн “Хангилцаг” компанийн гагнуурчин О.Жамъян, инженер Н.Эрдэнэхүү, Б.Гансүх, нийслэлийн Захирагчийн Жуух бичиг, мөнгөн шагналаар Д.Дэлгэржаргал нарыг тус тус шагнаж урамшууллаа. Дашрамд дурдахад, УДЭТ-аас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959, төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулж байжээ.

Ц.ЗАЯА