Энэ оны дөрөвдүгээр сард хуралдсан Монголын залуучуудын холбоо/МЗХ/-ныV их хурлаас нэгэн шийдлийг гаргасан нь “Хар, цагаан жагсаалт” байсан юм. Аливаа сонгуулийг явуулахдаа иргэд, сонгогчдыг адил тэгш, үнэн зөв мэдээллээр хангасны үндсэн дээр сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүнд хувь нэмэр оруулах зорилгоор МЗХ-ноос УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх, сонгогчдын саналыг бодитоор авч чадах эрхмүүдийг“Цагаан жагсаалт”-д бичих бол олон түмний итгэлийг алдсан, нийтийн эрх ашгаас хувийнхыг дээгүүр тавьдаг, хууль бус үйлдэлд оролцож нэр нь бохирдсон, төсвийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулсан буюу товчхондоо итгэл үл даах нөхдийг “Хар жагсаалт”-д оруулах юм байна. Жагсаалтын бүртгэлийг есдүгээр сарын 28-ны өдөр хүртэл явуулах бөгөөд сонгуулийн насны иргэд, залуучууд МЗХ-ныwww.myf.mn сайтад өөрийн санал бодлоо илэрхийлэх боломжтой. Бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ. Улс төрийн сонгуульд саналаа өгч оролцох нь Монгол Улсын иргэн таны эрхэм үүрэг байдаг шиг “Хар, цагаан жагсаалт”-д саналаа нэмэрлэж, нэг талаас төр түшилцэх нөлөө бүхий эрхмүүд, нөгөө талаас нэр хүндээ “шороотой хутгасан” нөхдийг нэрлэх нь улс төрийг эрүүлжүүлэхийн төлөө таны оруулж буй томоохон хувь нэмэр болно гэж МЗХ үзэж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэхүү жагсаалт нь улс төрчдийн рейтингийг өсгөх, бас уруудахад жинтэй нөлөө үзүүлнэ гэж залуучуудын байгууллага үзэж байгаа юм.
Д.ЖАРГАЛ