УИХ өнгөрөгч хаврын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг батлан гаргасан билээ. Ингэснээр чөлөөт бүс байгуулах нэртэй балгас болж хувираад байсан Замын-Үүд, Алтанбулаг зэрэг чөлөөт бүсүүд амилах шан татагдсан юм.
Олон жилийн дампуурсан байдал, цахилгаан, бохирын асуудлаа шийдэж чадахгүй байгаа зэрэг нэн тулгамдсан асуудал чөлөөт бүсүүдэд одоо ч хэвээр байгаа. Тухайлбал, Алтанбулаг чөлөөт бүсэд өнөө хэр цэвэр, бохир усны шугам, цахилгааны хэрэглээ толгойн өвчин болсон хэвээр байна. Алтанбулаг сум нь Дархан-Сэлэнгийн цахилгаан станцаас тогоо авдаг. Гэтэл төр энэ цахилгаан станцыг хувьчлахдаа 380-ын шугамыг нь хувьчилчихсан. Харин иргэдийн тог цахилгааны хэрэглээ болох 280-ын шугамыг хэн хариуцдаг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Чөлөөт бүсийн хөгжлийг дагаад иргэд тэнд амьдрахаар зорьж очдог ч цахилгаантай болох гэж бөөн л асуудал үүсгэдэг сурагтай. Иргэдийг цахилгаанаа өөрсдөө тат гэчихдэг учраас хаа хамаагүй газраас цахилгаан татдаг, эргээд энэ нь ямар ч зохион байгуулалтгүй зүйл болж хувирдаг талаар тус сумын иргэд ярьж байлаа.
Иргэд өөрсдөө чадахгүй бол Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний ажилчдад ханддаг бөгөөд тэд 100-200 мянган төгрөг иргэдээс авч цахилгааныг нь татаж өгч бизнес хийдэг болсныг ч нутгийн иргэд хэлж байсан юм. Эрчим хүчний яам энэ асуудалд хариулт өгөхгүй, Дархан-Сэлэнгэ нь манай хувьчилсан шугам биш гэсэн хариулт өгсөөр өнөөдрийг хүрчээ. Хамгийн ноцтой нь Алтанбулаг суманд дандаа цахилгааны утаснаас үүдсэн гал түймэр гарч эхэлжээ. Хаа хамаагүй газраас шон татаж, тахиралдаж муруйсан замбараагүй явж байгаа тог цахилгааны асуудлыг шийдэхгүй бол чөлөөт бүсийг түшиглэсэн энэ сум нэг л өдөр шатчихсан байхыг үгүйсгэх арга алга, Эрчим хүчнийхээн.