УИХ-ын хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа Хууль зүйн байнгын хороо тайлагнасан.
2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн байна.
Үүнээс хуулийн төсөл 64, УИХ-ын тогтоолын төсөл 13-ыг хэлэлцэж, санал дүгнэлт 37, танилцуулга 8, зарчмын зөрүүтэй 317 санал томъёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ.
Байнгын хорооны тогтоолоор 16 ажлын хэсэг байгуулагдан 53 удаа хуралдаж, энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн 38 өргөдөл гомдол болон байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 190 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хууль заасан журмын дагуу шийдвэрлэсэн аж.
Түүнчлэн Байнгын хороо бие даасан зургаан хууль батлуулсан байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль зэрэг багтаж буй юм.
Үнэндээ хөрсөн дээр буудаггүй, хөөсөрч замхардаг хуулийн төслүүдийг батлуулаад нэмэргүй, хэрэгждэггүй хууль хэнд хэрэгтэй гэж олон хууль батлаж байгаа нэрийдлээр хуулийг гууль болгож, өөрсдөдөө зориулж хууль гаргадаг, дураараа авирлагсад болих цаг хэзээ юм бол доо.