БНСУ-д манай улсын хоёр иргэн цагийн ажил хийж байгаад золгүй байдлаар харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. ГХЯ-наас талийгаачдын ар гэрийнхэнтэй холбогдож тэднийг Солонгос руу явуулсан байна. Талийгаачдын хувьд тус улсын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байгаад голын усанд унаж амь насаа алдсан юм. ГХЯ-ны мэдээллээр залуус БНСУ-д гурван сарын аялал жуулчлалын визтэйгээр очсон гэнэ.
Тэгвэл амиа алдсан залуус ердөө долоо хоногийн дараа эх орон руугаа буцах онгоцны тасалбараа авсан байжээ. Гэвч ийнхүү золгүй тохиолдлоор амиа алдсан байна. Гүүрэн дээрх ажлыг гүйцэтгүүлж байсан солонгос компани нь аялал жуулчлалын C3 ангиллын визээр тус улсад ирсэн монгол залуусыг хууль бусаар ажиллуулж байсан ба тэд аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу аврах хантааз өмсгөх ёстой журмыг баримтлаагүй байсныг илрүүлэн шалгаж байна.