Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага хамтран тарвага агнах, нийслэл рүү нэвтрүүлэхээс сэргийлж долоон цэгт хяналт шалгалт, эргүүл гаргахаар болсон. Тухайлбал, Эмээлт ,Яармаг, Нисэх, Биокомбинат, Автотехникийн шалган бүртгэх товчоо, онгоц, төмөр замын төв буудал, хот дүүрэг рүү нэвтрэх баталгаат бус замуудад эргүүл гурван ээлжээр 24 цагаар ажиллана. Тарваган тахлаас сэргийлэх, хууль бус агналтын эсрэг үйл ажиллагааны нэг нь энэ юм. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин- Эрдэнэтэй ярилцлаа
-Манай улсын хэмжээнд хичнээн аймаг сум тарваган тахлын голомттой вэ?
-17 аймгийн 157 суманд тарваган тахлын голомт бий гэж бүртгэгдсэн. Тарваган тахлын голомттой бөгөөд нийслэлтэй ойрхон аймгууд бол Завхан, Булган, Баянхонгор, Архангай юм . Өмнөх жилүүдийн эргүүл, шалгалтын постууд голцуу Ховд, Дархан, Архангай аймгаас тарвага ихээр оруулж ирдэгийг нь тогтоосон. Ингэхдээ нийтийн тээврийн, буюу хот хоорондын тээврийн хэрэгслүүдээс илэрдэг. Мөн жолооч нарын дайж авч явж буй ачаанаас их гардаг. Бид энэ жил гэнэтийн шалгалтыг удаа дараа зохион байгуулна.
-Шалгалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Зөрчил гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Нийслэл рүү чиглэсэн авто тээврийн постуудад Нийслэлийн МХГ-ын улсын байцаагч, замын цагдаа, хэв журмын цагдаатай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна. Тарваган тахал өвчин хотын суурьшлын бүс рүү нэвтрэхээс урьдчилан сэргийлсэн хяналт шалгалтыг жил бүрийн наймдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын 15-ны хооронд хийдэг. Хууль зөрчиж ан амьтан тарвага агнасан, барьсан, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдах, худалдан авсан иргэнд амьтны тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү төгрөгөөр торгох, дээрээс нь амьтны аймагт учруулсан хохирлыг толгой тус бүр дээр нь нөхөн төлүүлэх хуулийн заалт бий. Мэргэжлийн хяналтын байцаагчид хуулинд заагдсан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна. Нийслэлин онцгой байдлын алба шаардлагатай тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоох, тусгаарлах үйл ажиллагааг хийнэ.
-Энэ онд манай улсад тарваган тахлаар өвчилсөн тохиолдол хэд гарсан бэ?
-Энэ жилийн хамгийн анхны тохиолдол Ховд аймгийн Булган суманд гараад удаагүй байна. 14 настай эрэгтэй хүүхэд тарвага агнаж, өвчснөөс болоод булчирхай хэлбэрийн халдвар авч нас барсан харамсалтай явдал болсон. Үүнээс хойш ямар нэгэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.
-Тарваганы тоо толгой цөөрч байна гэж сүүлийн хэдэн жилд ярьж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Тарвага гэдэг амьтан нь их ган, зудтай жил ичээд гарч чадахгүй байсаар тухайн жилийг давах өөхөө хуримтлуулж чадахгүй нүхэндээ гэр бүлээрээ үхсэнээс болж тарвага цөөрдөг. Мөн тарвагыг их хэмжээгээр агнаж байна. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад тарвагыг агнаж нийслэлд авчрах нь хоёр дахин ихэссэн. Намар сургууль цэцэрлэг эхэлж, хөдөө орон нутгаас хотыг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Энэ утгаараа мөнгө олох зорилгоор, сургуульд хүүхдээ оруулахдаа багш нарт нь авчирч өгөх, ах дүү нартаа тарваганы мах амсуулах зорилгоор оруулж ирдэг.
-Энэ сарын нэгний өдрөөс хойш нийслэл рүү тарвага оруулахаар завдсан тохиолдол хэд бүртгэгдэв?
-Энэ сарын нэгнээс 5-ны байдлаар эмээлтийн товчоонд дөрвөн тарвагыг оруулах гэж байсныг илрүүлэн саатуулж ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан.
-Тарвага агнах тусгай зөвшөөрөл бий юу. Эсвэл огт агнаж болохгүй юм уу?
-Байгаль орчны сайдын таравга агнахыг хориглосон тушаал бий. Энэ тушаалын хугацааг сунгасан. Энэхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тушаалын хүрээнд тарвага агнахыг хориглоно.
-Тарваган тахлаас яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Тарваган тахал нь ХХ зуунд 100 сая, ХХI зуун гарснаас хойш 50 сая хүнийг авч одсон үхлийн аюултай өвчин. Нэг удаагийн тархалтаар 2600 иргэнтэй тосгоныг үндсээр нь устгаж байсан аймшигт түүх бий. Энэхүү байгалийн голомтот гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тарвага агнах, түүхий эдтэй харьцах, түүхий мах идэх зэргээс зайлсхийх нь зүйтэй. Мөн тарваганы бөөс буюу бүүрэг, агаар дуслын замаар халдварладаг гэдгийг мартаж болохгүй. Энэ өвчин бол үхэлд хүргэдэг хурц халдварт өвчин. Сая гаруй хүн амьдарч байгаа нийслэлд энэ өвчин дэгдвэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх аюултай гэдгийг иргэд дор бүрнээ ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэхийг сэрэмжлүүлж байна.
Э.Төвчимэг