Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар танхимынхаа зургаан сайдыг чөлөөлөхөөр УИХ-д санал оруулж, шийдвэрлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор шинэ сайдуудаар хэнийг сонгох тухай яриа АН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдлагуудын хүрээнд ид яригдаж байна.
Эхний яриа хэлэлцээрийн үеэр МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд хоёр сайдын суудал өгөх тухай тохиролцсон ч АН-ынхан үүнээсээ буцаж буй аж. Хэрэв ийм шийдвэр гарсан тохиолдолд МҮАН-ын Н.Батцэрэг сайд болох боломжгүй болох юм.
Шадар сайдад Э.Батшугараас илүү Ч.Улааныг санал болгохыг АН-ынхан Н.Энхбаяраас хүссэн байна. Мөн АН-ын МҮДН фракцид оногдсон Сангийн сайдын суудлыг Р.Амаржаргал голж буй тул фракцийнхаа Б.Гарамгайбаатарыг зүтгүүлэх бололтой. Мөн үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн Засгийн Хөгжлийн сайд байсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр Сангийн сайд болохоор АН-ынхныг шахах, гуйхын завсар аашилж буй аж. Хөдөлмөрийн сайдад яригдаж буй Д.Арвинг УИХ-ын гишүүн Я.Санжмятаваар, Зам тээврийн сайдад яригдаж буй А.Гансүхийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр солих хувилбар мөн яригдаж байна.
П.Мандах