Иргэд амралт зугаалгаар явж байхдаа анхаарал болгоомжгүй байснаас усанд живж амиа алдах тохиодол буурахгүй байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар Орхон голын усанд есөн настай, эрэгтэй С живсэн байна.
Энэ тухай дуудлагыг өнгөрсөн баасан гаригийн 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр 11 албан хаагч, хоёр завь, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр өдрийн 08:15 цагт цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд 17 настай, эмэгтэй Л живжээ. Уг дуудлагыг өчигдөр өдрийн 17:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Иймээс голын усанд орох, ойролцоо явахдаа анхаарал сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.