08.10

Оюутны сургалтын төлбөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг хүсэв

Жил бүр маргаан дагуулдаг оюутны сургалтын төлбөрийн асуудал энэ жил ч мөн дахин асуудал болж байна. Иймээс Монголын Оюутны Холбоо /МОХ/-ны зүгээс сургалтын төлбөрийн хэт нэмэгдлийн талаар дараахь байр суурийг холбогдох их дээд сургуулиудад хаяглажээ.

Үүнд:
1. Их дээд сургуулийн удирдлагууд Оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах

2. Сургалтын төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах

3. 1-р курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртэлээ хэдэн төгрөгний төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших

4. Их, Дээд сургуулийн УЗ-дийг дахин яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлийг дахин хэлэлцэж шийдвэрлэх

5. Сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг энэ "гажиг" тогтолцоог өөрчилж шинэчлэх. Төсвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох гэсэн байр суурьтай байгаагаа МОХ мэдэгдлээ.

Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна гэв.

Энэ жил МУИС төлбөрөө нэмснээс 1 дүгээр курсын төлбөрөө даруй 40 хувиар нэмсэн нь хүүхдээ оюутан болгох гэсэн, ялангуяа МУИС-т оруулах гэсэн эцэг эхчүүд хүнд цохилт болсон. Угаасаа хүнд цохилтод орсон, өмнөх жилийн сургалтын зээлээ бүтэн жил төлөөд дуусаагүй байгаа эцэг эхчүүдэд энэ жил дахин өр тавихаас өөр сонголт үлдсэнгүй.

Ер нь МУИС гэж Монгол Улсын Их Сургууль гэсэн улсын нэр барьж, монополь байдлаа ашиглан төлбөрөө нэмсэн сүржин нэр, даржин сургалттай сургууль жил бүр ёс юм шиг төлбөрөө нэмж, үүнийг нь бусад сургууль дуурайж төлбөрөө нэмсээр удлаа.