Хил хамгаалах байгууллагын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Вязьма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Карташев Л.И, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч багш, ахлах ахлагч Прошутинский Р.В нар гурван сарын хугацаатай сургалт зохион байгуулаад эх орон луугаа буцлаа. Тэд 26 хилчин болон тэдний хариуцсан нохдыг тус сургалтад хамруулсан билээ. Албаны нохой хөтлөгч бэлтгэх анхан шатны дамжаа үр дүнтэй болж долдугаар сарын 29-нд төгсөлтөө Баянчандмань дахь хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт хийв. Төгсөлтийн арга хэмжээний үеэр нохой хөтлөгч нар болон ноход энэ хугацаанд юу сурснаа тайлагнасан юм.
Энэ удаагийн сургалт Орос багш нараар удирдуулахаас гадна албаны нохой сургалтад анх удаа хоёр монгол банхарыг харуул, хамгаалалтын албанд сургаснаараа онцлогтой болсон. Төгсөлтийн арга хэмжээний үеэр сурлагын чанарыг дээшлүүлэх, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэхэд идэвхи санаачилгатай ажилласан Албаны нохой сургалтын төвийн дарга, ахмад Д.Өлзийбаяр, сургагч багш, дэслэгч Г.Содхүү, дэд ахлагч Б.Эрдэнэмөнх нарт баяр хүргэж сайшаалаа. Мөн онц дүнтэй төгссөн хилчдийг цэргийн мэргэжлийн гуравдугаар зэрэг, “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр тус тус шагнасан юм.
Үүнээс гадна онц дүнтэй төгссөн Лаки, Алекс, Жерри, Макси, Норд дуудлагатай нохдыг алтан медалиар шагнав. Төгсөлтийн ажиллагаанд ХХЕГ-ын Хил хамгаалалтын хэлтсийн Хойд хил хариуцсан мэргэжилтэн, хурандаа Д.Нямсүрэн оролцож төгсөгчдөд хандан, “Мэргэжлийн багш нараар заалгасан эрдэм мэдлэгээ аривжуулж, хил зөрчигчийг барих, илрүүлэхийн төлөө хичээж ажиллаарай” гэж захив. Ийнхүү улсын хил дээр тэд хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо.