Төрийн түшээ гэх эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн улстөрчид бол нэг талаараа ард түмний сонголт, нөгөө талаар тэдэнд зөв үлгэр дууриал болж байх учиртай хүмүүс. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ч эзэн нь болж байх үүрэг хүлээсэн хүмүүс.
Гэсэн ч манай улстөрчид заримдаа хэтэрхий гэмээр алиа зан гаргах нь вий. Энгийн байх гэсэн дозоо хэтрүүлж, хошин шогийн хэдэн продакшны жүжигчдээс дутахгүй л ард түмнээ баясгана. Мөн гэнэтхэн далд авьяас нь илэрч од болно.
Ерөнхийлөгч урлагийн одууддаа Аяны шувууг дуулж, төгөлдөр хуурын чамгүй авьяастай гэдгээ харуулсан. Л.Эрдэнэчимэг гишүүн өнгөрсөн жил Наран мандах нутаг дуугаар дуучны авьяасаа харуулсан бол өнөө жил бие биелгээгээр чамгүй бүжигчин гэдгээ баталсан.
Харин эмэгтэй гишүүд эрчүүддээ зориулан хип хоп дуулж, үглэж дуулдаг үнэлж барамгүй авьяастай гэдгээ баталсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг эс тооцвол яруу найргийн авьяастай хүн энэ парламентад цөөхөн байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын далд авьяас саяхнаас илрэх болжээ. Түүхийн ном хэвлэж, байсхийгээд л номын баяр хийх болсон эрхэм гишүүн ойрноос яруу найраг оролдох болсон гэнэ. Болор цом ормоор л хэл яриа нь хөгжчихжээ хэмээн өөрийг нь магтах жиргээчидтэй ана мана үзэж, өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан өрх тусгаарласан АН-ынхандаа зориулан шүлэг зохиосон байна. Түүний зохиосон шүлгээс хүргэе.
...Ардын нам хөөгөөстэй
Ардчилсан нам гацаастай
Хувьсгалт нам шантаажтай
Хувь иргэд шатаастай...
...Том сайдууд тодруулаастай
Тоосонд нь олон чирэгдээстэй...
...Халуун нар шаран шаран
Хамаг тариа шатан шатан
Бурмаа сайд буран буран
Булт Монгол найрлан найрлан... хэмээн шинэхэн уран бүтээлээ уншигчиддаа хүргэсэн юм. Эрхэм найрагчийг урлагийн тэнгэр Янжинлхам өнө мөнхөд ивээх болтугай хэмээн ерөөе дөө.