Тарваган тахлын байгалийн голомтын идэвх 7-9 дүгээр сард хамгийн өндөр байдаг байна. Энэ үед иргэд халдвар авах тохиолдол нэмэгддэг.
Өнгөрөгч долоо хоногоос эхлэн иргэдийн дунд энэ талын сургалт сурталчилгаа явуулах үйл ажиллагаа ихэссэн ч иргэд сэрэмжлүүлгийг үл тоон тарваганы мах идэх, агнах зэргээр өөрсдийгөө болон гэр бүлээ аюулд оруулсаар байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт энэ сарын 7-ны өдөр иргэн 24 настай эмэгтэй О өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна.
Түүний нөхөр, хоёр охиныг нь халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээний дээж авсан аж. Улмаар шинжилгээний хариу эерэг гараад байгаа гэнэ. Тиймээс давтан шинжилгээг дахин авч эхэлжээ.