08.11

Олон улсын шатрын холбооны мастер цолтон төрлөө

Польш улсад энэ сарын 1-8-ны өдрүүдэд болсон  Шатрын бодлого зохиомжийн Дэлхийн холбооны (WFCC) Конгрессын үеэр  шатрын бодлого бодолтын 39 дэх ДАШТ болжээ.

Энэхүү тэмцээнд  28 улсын 85 бодогч, нийт 90 оноотой 18 даалгавар бүхий 6 шатны тэмцээнд 6 цагийн хугацаанд өрсөлдснөөс ИМ К.Пиорун (Польш) 80.5, ИМ Ж.Нанн (Англи) 80, ИМ Ж.Паавилянен (Финланд) 73 оноогоор медальт байрыг эзэлсэн байна.

Тэгвэл энэхүү тэмцээнд оролцсон анхны монгол хүн  болох ФМ С.Билгүүн  шатрын бодлого бодолтын их мастер Б.Вукчевич, Л.Матынас, А.Селиванов нарын 30 гаруй цолтныг ардаа орхин, 54 оноогоор 24 дүгээр байрт шалгарсан байна.

 Ингэснээр  Бодолтын Олон улсын шатрын холбооны мастер цолны болзол биелүүлж, өсвөр насны ангилалд шөвгөрөн Дэлхийн шилдэг бодогч болох ирээдүйтэйгээ харуулжээ.

Бодогчийн өндөр чансаатай болж Монгол улсын Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг давуулан биелүүлсэн тэрбээр ДАШТ-ий үеэр зохиогдсон 50 гаруй цолтон бүхий 89 бодогч оролцсон Бодолтын нээлттэй тэмцээнд 18-р байрын амжилт үзүүлсэн юм байна.