08.11

Башар Асадын хамаатан хүн амины хэрэг үйлджээ

Сирийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Башар аль Асадын хамаатан Сулейман Хиляль Асад хүн амины хэрэг үйлдсэн хэргээр баривчлагджээ. САНА агентлагийн мэдээлэлд дурьдсанаар түүнийг тусгаарлан хорьж байгаа бөгөөд хэргийг нь Цэргийн шүүхэд шалгаж байгаа аж.

Хиляль Асадыг даваа гарагийн орой /VIII.10/ Латаки хотын ойролцоо байдаг харшаас нь баривчилсан байна. Түүнийг цэргийн нэрт удирдагч, олон нийтийн дунд нэр хүндтэй хурандаа Хасан Шейхийг хөнөөсөн хэрэгт буруутгаж буй юм. Тэрбээр хурандаагийн машин өөрийнх нь машиныг гүйцэж түрүүлсэн хэмээн уурлаж, хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудаж хөнөөсөн аж.

Энэ хэрэг гарсны дараа Сирийн ард иргэдийн дунд Сулейман Асадыг нөлөөгөө ашиглан ялаас мултарна гэсэн яриа гарсан учир эсэргүүцлийн жагсаал энд, тэндгүй өрнөж байгаа аж. Ерөнхийлөгчийн орны өмнөх талбайгаас гадна Латакия, Тартус зэрэг томоохон мужуудад ч мөн хариуцлага нэхсэн жагсаалууд зохион байгуулагдаж байгаа аж.