Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг Кёкүтэнхо Н.Цэвэгнямд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг өчигдөр зохион байгуулжээ. Тус хүлээн авалт Монголд суугаа Японы Элчин сайд Т.Шимизүгийн өргөөнд болсон байна. Хүлээн авалтад 50 хүн оролцож, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилтыг хамтдаа дурсчээ. Энэ үеэр Кёкүтэнхо Н.Цэвэгням “Өнөөг хүртэл сүмогийн ертөнцөөс олон зүйл сурсан. Цаашид Монголын анхны ояката гэдэг нэрээ өндөрт өргөж, сайн шавь нарыг бэлтгэх болно” хэмээв. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сүмочдын анхдагч бөгөөд өнгөрсөн сард нагоя башёгийн дараа зодог тайлж, Оошима дэвжээний ояката болон залуу сумочдод багшлахаар болсон. Тэрбээр 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил гаруйн хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилджээ. Дайчин барилдааны шагнал хүртэж байсан тэрбээр хамгийн ахмад сүмочдын нэг болсон байна.
Б.СИЙЛЭН