2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 10-40 хүртэлх хувиар нэмэгджээ. Тухайлбал, Монгол улсын их сургууль (МУИС) сургалтын төлбөрөө 12 хувиар, харин шинээр элсэгчдийн төлбөрөө 30-40 хувиар нэмсэн байна.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИХ) өнгөрсөн жил 58 мянга 500 байсан кредит цагийнхаа төлбөрийг энэ жил 70 мянга болгож нэмэгдүүлжээ. Нэгдүгээр курсийн оюутан жилд дунджаар 34 кредит судалдаг гэж үзвэл жилийн төлбөр нь 2.3 сая төгрөг болсныг тус сургуулийн удирдлагууд мэдээллээ.
Харин Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС) сургалтын төлбөрөө 1.9 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй буюу 10-15 орчим хувиар нэмсэн бол хамгийн олон оюутантай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) сургалтын төлбөр хэд болж нэмэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС) өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа сургалтын төлбөрөө 15-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь тус сургуулийн сургалтын төлбөр 1.8-2.2 сая төгрөгийн хооронд байхаар тогтсон гэсэн үг юм.
Нэг талаас их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа дан ганц сургалтын төлбөрөөсөө санхүүжүүлдэг нь сургалтын төлбөрийг жил бүр тогтмол нэмэгдүүлэхэд хүргэж буйг сургуулийн удирдлагууд тайлбарласан. АШУҮИС-ийн удирдлагын мэдээлснээр энэ жил улсын төсвөөс ямар нэгэн санхүүжилт олгоогүй, үйл ажиллагаагаа зөвхөн сургалтын төлбөрөөрөө санхүүжүүлж байгаа гэнэ. Нийт санхүүжилтийн 70 гаруй хувь нь багш, ажилчдын цалин, хөлсөнд зарцуулагддаг аж. Харин Монголын Оюутны холбоо их дээд сургуулиуд төлбөр хэт өндөр нэмэгдсэн гэж үзэж эсэргүүцсэн албан шаардлага хүргүүлжээ.