Өнгөрсөн онд АПУ компанийн борлуулагч А бусдын гарт амиа алдсан хэргийн гэрчүүд цагдаа нар эрхийг нь зөрчиж байгаа талаар “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнийхөнд хандсан.
Тодруулбал, дэлгүүрийн эзэн, сэжигтэн П-ийн эхнэртэй хамт ажилладаг байсан Б.Отгонцэцэг, тус дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрцэцэг нарыг борлуулагч сураггүй болох үед цагдаагийнхан гэрчээр татан мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид гэрч эмэгтэйчүүдтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжлон, зодож байсныг мэдээлсэн юм. Улмаар дээрх эмэгтэйчүүдээс гэрчийн мэдүүлэг авч байснаа өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэжигтнээр тооцсон тухай тэд ярьсан билээ.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас эдгээр гэрчүүдэд гэмт хэргийг нуун дарагдуулсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэлээр сэжигтнээр тооцсон гэжээ. Мөн энэхүү хүн амины хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа ороод байгаа аж.