08.13

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь хөнөөсөн эмэгтэйчүүд өршөөгдөхгүй

Өршөөлийн тухай хуулиар Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хүмүүжиж буй 337 гаруй ялтны 50 хувь нь суллагдах боломжтой байгаа юм. Гэхдээ тэдний дунд хүний амь нас хохироосон этгээд эл хуульд хамрагдахгүй юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Өмнө нь хамрагдаж байгаагүй зүйл, ангиуд энэ удаагийн өршөөлд хамрагдаж байгаа.

Тэр утгаараа эмэгтэйчүүдийн хорихоос олон хүн өршөөлөөр суллагдана. Нэг харамсалтай зүйл нь, олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байсны улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй. Энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярилцсан ч одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиараа боломжгүй гэдэг хариултыг мэргэжлийн хүмүүс өгсөн.

Гэр бүлийн хүчирхийлэл нь өш хонзонгийн сэдэл гэдэг утгаараа ял нь хүндэрдэг. Энэ нь Өршөөлийн гэхээсээ илүү Эрүүгийн хуулийн “гажиг” тогтолцоо. Иймд эмэгтэй гишүүд цаашид Эрүүгийн шинэ хуулийг хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийллийг онцгойлон нарийвчилж оруулна, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн байдал дээрдэнэ гэдэг хүлээлтийн үүднээс энэ хуулийг дэмжсэн” гэжээ.