Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний долоон сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэгвэл 2015 оны эхний долоо сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэд 31.1 мянга болж, өмнөх сарынхаас 1.7 мянга буюу 5.1 хувиар, оны эхнийхээс 5.9 мянга буюу 16 хувиар буурсан байна. Мөн өмнөх оны мөн үеийнхээс 3.6 мянга буюу 10.4 хувиар буурчээ.
Ажиллах хүчний 2015 оны хоёрдугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1242.6 мянга байгаагийн 658.2 мянга буюу 53 хувь нь эрэгтэй, 584.4 мянга буюу 47 хувь эмэгтэйчүүд байгаа аж. Мөн судалгааны дүнгээр 2015 оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 97.3 мянга байгаагийн 58.2 мянга буюу 59.8 хувь нь эрэгтэйчүүд, 39.1 мянга буюу 40.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 7.8 хувь болж, өмнөх мөн үеийнхээс 0.6 пунктээр буурчээ.