Олон улсын “Эмнести интернэйшнл” байгууллага биеэ үнэлэх үзэгдлийн талаар баримталдаг байр сууриа өөрчилжээ. Тус байгууллагын гишүүд насанд хүрсэн хүмүүс харилцан сайн дурын үндсэн дээр төлбөртэйгөөр бэлгийн харилцаанд орохыг хуульчлахын төлөө ажиллахаар болсон байна. Ирландын Дублин хотноо 70 орноос ирсэн тус байгууллагын 400 гаруй төлөөлөгч ийм шийдвэр гаргасан аж. Ирландад баталсан тогтоолын дагуу бэлгийн үйлчилгээ үзүүлэх салбарт хоёр талын зөвшөөрлийн үндсэн дээр үүсэх бүх харилцааг хуульчилж өгөхийг уриалжээ. Уг харилцааг ийн хуульчилж өгснөөр тус салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах боломжтой гэж байгууллагын гишүүд үзсэн байна. Гэвч энэ саналыг шүүмжлэгсэд биеэ үнэлэхийг бүхэлд нь хуульчилж өгснөөр бусдын биеийг үнэлүүлж ашиг олдог этгээдүүд хууль ёсны бизнесмэнүүд болж, сул дорой, эмзэг бүлгийнхнийг ашиглан ашиг олж буйг нь зөвшөөрөх болно хэмээн үзжээ.