Хичээлийн шинэ жил эхлэхэд арав гаруй хоног үлдээд байна. Тиймээс шинээр барьж буй сургууль, цэцэрлэг хэзээ ашиглалтад орох нь эцэг, эхчүүдийн анхаарал татсан асуудал болоод байгаа. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр14 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийг нэг дор барих нь хүүхэд болон эцэг, эхчүүдэд хэрэгтэй хэмээн албаныхан үзжээ. Тухайн хүүхэд цэцэрлэгээ төгсч, сургуульд ороход нэг газартаа үргэлжлүүлэн сурах давуу талтай аж. Одоогоор14 сургууль, цэцэрлэгийн цогцолборын дөрвийнх нь барилгын ажил удааширч энэ онд ашиглалтад орж чадахгүй, наймыг нь ирэх намар ашиглалтад оруулахаар болжээ. Эдгээр цогцолбор тус бүрт 2.2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат өчигдөр танилцлаа. Цогцолборын ажил ерөнхийдөө 80-аас дээш хувьтай үргэлжилж байгаа ч тоног төхөөрөмж, санхүүжилтийн асуудлаас үүдээд эдгээр найман цогцолборыг есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах эсэх нь эргэлзээтэй байна. Гэхдээ ажил хойшлоод байгаа ч аравдугаар сардаа багтаана гэдгийг албаны хүн хэллээ. Харин акталж нураасан болон засвартай сургууль цэцэрлэгийн хувьд олон хүүхдийн том обьект учир хуулиараа Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны хариуцах асуудал юм байна.
Ажлын хэсгийнхэн эхлээд Хан-Уул дүүргийнXV хороонд барьж буй сургууль, цэцэрлэгийн ажлын явцтай танилцлаа. Цогцолбор 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн багтаамжтай хоёр давхраар баригдаж байна. ХаринXV хороонд барьж байгаа уг цогцолбор нь газрын байдлаас хамааран зоорийн давхрыг хийснээр гурван давхар болж байгаагаараа бусдаасаа онцлог юм. Тус цогцолборын барилгын ажил бүрэн дууссан аж. Харин гадна инженерийн шугам, сүлжээ, зоорийн давхрын тохижилтын ажлыг хийх дутуу байгаа ч есдүгээр сарын1-ний дотор хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Тохижуулалт болон бусад зардлын асуудлыг бүрэн шийдсэн хэмээн албаныхан мэдээлсэн юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат“Хүүхдийг зургаан настайгаас сургуульд авдаг болсон. Тиймээс бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болсноор хүүхэд цэцэрлэгт явж байгаад үргэлжлүүлэн нэгдүгээр ангидаа орж зургадугаар анги хүртлээ явж дунд сургууль руу шилжих боломжтой болж байгаа юм. Энэ ажлыг дүүрэг бүрт хийж байгаа. Энэ жил нийтдээ улсын болон хотын төсвөөс сургууль, цэцэрлэг, нийгмийн салбарын чиглэлээр 82 төсөл хэрэгжиж байгаагаас10 орчмынх нь ажилтай танилцлаа. Манай хяналтынхан долоо хоног болгон зураг авалт хийж, тэдгээр төслийн мэдээллийг тусгай программаар хотын удирдлагуудад хүргэдэг. Хөрөнгө мөнгөний хувьд нэг цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барьж байна. Үүний дээр гадна шугам сүлжээний хөрөнгө нэмэгдэж байгаа. Эд хөрөнгө, ширээ сандал, тоног төхөөрөмжийн мөнгө нь тусдаа бөгөөд нийслэлийн Боловсролын газрын төсөвт багтана” гэв.
Бид цааш Өлзийт хорооллыг зорилоо. Өлзийт хороололд ганцхан 59 дүгээр сургууль байрладаг бол нэг ч цэцэрлэг байдаггүй. Тиймээс тэндхийн хүүхдүүд голчлон Нисэхийн сургуулиудад сурдаг аж. Сүүлд 650 хүүхдийн сургууль баригдаж эхэлсэн ч хоёр гурван жилийн өмнөөс барилгын ажил зогссон байна. Харин нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын нэгийг энд барьж байна. Барилгын ажлыг “Аглут” компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн сард эхэлж, есдүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа аж. Одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй, шугам сүлжээ, гадаа тохижилтын ажил дутуу байгаа юм байна. Хүчин чадлын хувьд мөн л 180 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг байх юм. Барилгын ажил явуулахад хүндрэлтэй нь цахилгааны асуудал юм байна. Эрчим хүчний хүчдэл байхгүйгээс өөрсдөө цахилгааны эх үүсвэрээ авчирч барилгын ажлыг явуулдаг гэсэн. Мөн усаа холоос зөөдөг учир ажил удаашрах гол нөхцөл болдог аж. Түүнээс гадна гадна тохижилтын ажлыг хийх гэхээр барилга барьж буй газар нь хонхор болохоор бороо ороход усанд автдаг байна. Хоёр гурван ч удаа үерт автсан байна. Барилгын ажлыг есдүгээр сарын1 гэхэд дуусна. Харин гадна тохижилтын ажлыг есдүгээр сар дотроо дуусгана” хэмээн “Аглут” компанийн гүйцэтгэх захирал В.Энхжаргал ярьсан юм.
Морингийн даваанд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Ганцхан баригдаж байгаа нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор юм. Цогцолборын барилгыг мөн ирэх сарын1-нд хүлээлгэн өгөхөөр “Дакон” констракшн ажиллаж байна. Эндхийн барилгын ажил 100 хувь дууссан бөгөөд шугам, сүлжээ гадна талбайн тохижилт дутуу байгаа аж. Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Гадна шугам сүлжээний хөрөнгийг шийдсэн. Тиймээс хөрөнгө мөнгөнд санаа зоволтгүй өөрийн нөхцөл бололцоог ашиглаж цаг алдалгүй гадна шугам сүлжээний ажлыг хийж бай” гэж санууллаа. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборууд ашиглалтад орсноор 3000 гаруй хүүхэд бага сургуульд, 2000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар хөрөнгийг нь шийджээ. Түүний30-ийнх газрын асуудлыг шийдвэрлэсэн аж. Нийслэлийн зүгээс зураг төсөл, газар зэрэг шаардлагатай бүхнийг шийдвэрлээд яаманд хүргүүлсэн аж. Ингэснээр алслагдсан хорооллын хүүхдүүд өвлийн хүйтэн, хаврын хавсаргатайд хол явдаг байдал гарахгүй болох юм байна.
М.Энхцэцэг