08.14

10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд, 10 мянгыг хулгайлвал “ганц хутагт” хууль

АН-ынхан шөнө дөл болтол хаалттай хуралдан байж эдийн засгийн өршөөлийн хууль гэгч дэлхийд хаана ч байхгүй зүйл, заалттай хууль яаран сандран батлаад хэд хонолоо. Энэ хугацаанд 10 гаруй тэрбумаар нь идсэн АН-ын тодотголтой шоронд хоригдож буй нөхдүүд өршөөгдөж, басхүү ял эдлэхээр шалгагдаж байсан дарга нарын хэргүүд хэрэгсэхгүй болов.

Ямар сайндаа авлигын загалмайлсан эцэг гэгдэж байсан экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт эх орондоо ирэв. Авлигын хэргээр шалгагдаж, дахин шоронд суухаас эмээсэндээ харийн оронд бүгж байсан тэрбээр шинэ хуулиар өршөөгдөж, бүр цаашлаад АН-ынхантай хэлэлцэж хүчээ өргөхөөр болов. Анх түүнийг АН-ынхан л шийтгэж байсныг ард түмэн мартаагүй. Эрүүл мэнд, сэтгэл санаанд нь нөхөж баршгүй хохирол учруулсан АН-ынхан адаг сүүлд нь Н.Энхбаяраас тусламж ирсэн нь энэ бололтой. Ээлжит бус чуулган зарлаж яаран сандран эдийн засгийн өршөөлийн хууль баталсан нь ийм санаатай байжээ гэж одоо МАН-ынхан дүгнэж сууна. Ийм хуулиар 10 байтугай тэрбумаар нь идсэн нөхдүүдийг ил цагаанаар өршөөхөөр болов. Угаасаа 10 тэрбумаар нь идээд ч ял эдлэлгүй мултардаг манайд дээрх хуулийг дүгнэвэл “Авлига ав. Ах нь арыг нь даая” хэмээн ойлгож болно.

Хэдхэн жилийн өмнө идэх хоолгүй өлбөрч буй үр хүүхдээ өрөвдсөндөө 10 мянган төгрөг хулгайлсан А хэмээх эмэгтэйд 10 жилийн хорих ял оноож явсан манай төрийн түшээдэд одоо тэрбум ч багаддаг болсныг танил бизнесмэнүүд ярьсан удаатай. Саяхан л саяар ярьдаг байсан АН-ынхан одоо тэрбум, тэрбумаар нь ярьж, 500 саяыг нь голж “саяар ярьдаг яасан жижиг гар вэ” хэмээсэн аж. Энэ янзаараа удахгүй их наядаар ярьдаг болох юм байна гэсэн прогнозыг бизнесмэнүүд хийсэн юм. Угаасаа ихэнх эгэл жирийн ардын тоолж чадах нь битгий хэл зүүдэндээ ч харж байгаагүй их мөнгийг хураасан билээ. Юутай ч, АН-ынхан 10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд, 10 мянгыг хулгайлвал “ганц худагт” гэдэг ард түмний явган шогийг албан ёсоор хууль болгон ажиллалаа.   

Э.Төгс