08.17

Дэвтэрийн үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, хот хөдөөгийн оюутнууд эхнээсээ иржээ. Жил бүрийн өдийд худалдааны төв, дүүргүүдэд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гардаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах үүрэгт ажилдаа орж, аль хямд гэсэн газрыг зорьдог. Гэхдээ тэр үед олон бужигнаад, сонголт хийхэд төвөгтэй байдаг ч тал бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хичээлийн хэрэгслийн үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Худал дааны төвүүдийн лангуу хүн цөөнтэй, сэлүүхэн байлаа. Худалдаачдын хэлж буйгаар энэ жил эдийн засаг хямралтай, дээр нь наадам их болж байгаа болохоор хүн цөөтэй байгаа аж. Монголчууд юмыг цагийг нь тулгаж байж хийдэг улс. Тиймээс наймдугаар сарын 20-д гараад хүүхдийнхээ хичээлийн хэрэгс лийг бэлтэх хүмүүс эрс нэмэгддэг байна. III хорооллын эцсийн буудлын “Оргил” худалдааны төвд өнгөрсөн сараас “Бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа-2015” эхэлжээ. Энд хүн цөөхөн, сэлүүхэн байв. “Оргил” худалдааны төвийн худалдагчдын хэлж буйгаар өчигдрөөс \өнгөрсөн баасан гариг\ хойш ачаалал ихэсч байна гэх боловч дэвтэр, цүнхний тасаг хүнтэй байхаас бусад туслах хэрэгслийн лангуу бараг хүнгүй гэхэд болохоор байлаа. Тэднийх хичээлийн хэрэгсэлдээ онцгой хямдрал зарласан аж. Гэвч цүнх, үзэгний сав зэргийн үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгджээ. Харин дэвтрийн үнэ өнгөрсөн жилийнхтэй ижил үнэтэй байв. Тус худалдааны төвийн худалдагч Д.Уянга “Манайх жил болгон үзэсгэлэн худалдаа зарладаг болохоор мэддэг хүмүүс нь ирж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж байна. Ачаалал урьд урьдын жилүүдтэй адилхан байгаа боловч энэ жил наадам их байгаа болохоор хүмүүс хөдөөгүүр байх шиг байна. Уг нь 15-наас хойш ачаал эрс нэмэгддэг. Үнийн хувьд энэ жил нэмэгдэсэн зүйл байхгүй. Өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа. Хямдрал нь удахгүй дуусна. Гэхдээ хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Хямдрал дуусахаар үнэ нь бага зэрэг нэмэгдэнэ. Тиймээс иргэд хямдралтай байгаа дээр нь хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг базаагаарай гэж хүсч байна” гэв. “Оргил” худалдааны төвд дэвтэр хамгийн хямд байв. Тухайлбал, “Campap” брэндийн 12 хуудастай дэвтрийг 145, хавтсан дээрээ зурагтайг нь 210, 24 хуудастайг нь 290, 32 хуудастайг нь 350, 96 хуудастайг нь 850 төгрөгөөр худалдаалж байна. Харин зургийн дэвтэр хуудасны тоо, салдаг, салдаггүйгээс хамаарч 410-1080 төгрөгийн үнэтэй аж. Тодруулбал, найман хуудастай нь 410, 20 хуудастай нь 710, салдаг 20 хуудастай нимгэн, зузаан цаастайгаас хамаарч 760- 1080 төгрөг байна. Нотны дэвтэр 420-600, өнгийн цаас 400-780, үзгэн бал 280-1400, өнгийн харандаа 6-12 өнгө, чанараасаа хамаарч 2400-8500 төгрөгийн хооронд байна. Харин тус төв зарим цүнхэндээ 50 хүртэлх хувийн хямдрал зарлажээ. Польш, Германы чанартай цүнхнүүд худалдаалж байгааг худалдагч тайлбарлаж байлаа. Хамгийн багадаа 7200-аас эхлээд 82 мянга хүртэлх үнэтэй аж. Харин чирж явах боломжтой буюу дугуйтай загвар нь 71-90 мянган төгрөгийн үнэтэй ч байв. Одоогоор бүх төрлийн загвар байгаа ч наймдугаар сарын 20 гэхэд шилэгдэж дуусдаг аж. Иргэн Г.Оюунцэцэг “Гадуур хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг нэлээд сонирхлоо. Бусад дэлгүүр болон “Нарантуул” захад нэлээд үнэтэй байна. Харин энд арай хямдхан болохоор зорьж ирлээ. Ер нь гадуур хичээлийн хэрэгслийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ жил хоёр хүүхдийн хичээлийн бэлтгэл хийж байна. Эдийн засаг хямарсан, цалин мөнгөө цагтаа тавихгүй байгаа болохоор бага багаар цувуулж авч байна. Одоогоор хоёр хүүхдэд дөрвөлжин, туушаас нь хольж 20 дэвтэр л авлаа. Дээр нь жижиг, сажиг үзэг, бал гэж авсаар байтал 100 мянган төгрөгтэй гарч ирээд л 60-70 мянга нь дуусчихлаа. Хэд хоногийн дараа дахиж нэмж авахгүй бол хоёр хүүхдэд 20 дэвтэр хаанаа ч хүрэхгүй. Дээр нь хувцас, цүнх гээд нэлээд мөнгө хэрэг болно. Бага ангийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл авах гэж хоёр, гурав хувааж байхад ахлах анги болон оюутнуудад бүр их мөнгө зарахаар байна” гэлээ.

“УЛААНБААТАР ПРИНТ”-ИЙН 12 ХУУДАСТАЙ ДЭВТЭР 200 ТӨГРӨГ

Сүүлийн үед III хорооллын зам дагуу худалдааны төвтэй болсон гэхэд хилсдэхгүй. “Оргил” худалдааны төвөөс гараад зам дагуух хичээлийн хэрэгслийн худалдааг сонирхлоо. Түүгээр ил задгай гэдэг утгаараа иргэдийн хөл их байв. Хичээлийн хэрэгслийн хувьд үнийг сонирхон асууж байгаа ч худалдан авч байгаа хүн цөөхөн харагдсан. Худалдагчдын хэлж буйгаар хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа аж. Өөрөөр хэлбэл үнэ нь нэмэгдээгүй гэсэн. Энд 12 хуудастай дэвтэр 150, 320 хуудастай нь 350, 96 хуудастай нь 850 төгрөг, зургийн дэвтэр хуудасны тооноос хамаарч 600- 1500 төгрөг байв. “Улаанбаатар принт” компанийн монгол дэвтэр 12 хуудастай нь 200 төгрөг болжээ. Харин сурагчийн цүнх төрөл төрлөөрөө зарагдаж байлаа. Үнийн хувьд 35-55 мянга, зарим газраа 20-75 мянган төгрөгийн үнэтэй юм. Мөн л хүмүүс үзэж сонирхохоос биш худалдан авч байгаа хүн цөөхөн харагдав. Иргэн С.Дулам “Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж эхлээгүй байна. Цалин мөнгө, боломжоо харч байж наймдугаар сарын 20 гаргаж байж бэлдэнэ. Нэг оюутан, хоёр дунд сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэнэ. Өнгөрсөн жил дунд сургуулийн гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэлд 500 гаруй мянган төгрөг зарцуулсан. Энэ жил оюутантай болсон болохоор сургалтын төлбөрөөс авахуулаад үнэхээр хүнд байна” гэлээ. Энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхээс төдийлөн нэмэгдээгүй ч наймдугаар сар дундаа орсон энэ үед ихэнх худалдааны төв хөл хөдөлгөөн, худалдан авалт бага байгааг хаанаас ч харж болохоор байлаа. Учир нь эдийн засгийн хямралаас болж иргэд худалдан авах чадваргүй болсон гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа юм. Ямартай ч эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө хуруу хумсаа хугалах шахам гүйж байж хэнээс ч дутахгүй хичээлийнх нь хэрэгслийг бэлдэж өгөх нь тодорхой.

М.Энхцэцэг