УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөлийн тухай хуулийн төслийг намын даргынхаа захиа даалгаврын дагуу боловсруулж, түүнийг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган дээр нууцаар хэлэлцэж, санал хураасны эцэст олонхийн саналаар батласан билээ. Энэ хуулийн төслийг МАХН-ын дарга Н.Энхбаярт Улсын дээд шүүхээс ял өгсний дараахнаас эхлэн боловсруулж эхэлсэн бөгөөд ийнхүү хоёр жилийн нүүр үзсэний дараа биеллээ олов. Үнэхээр энэ хууль гарснаар шоронд ял эдэлж буй дөрвөн мянга гаруй хоригдол тун удахгүй наранд гарахаар болсон ч цаад учир нь Н.Энхбаярт оноосон ялыг хүчингүй болгож, улмаар түүнийг их улс төрд эргэн оруулахад чиглэжээ.
Нэгэнт оны өмнө МАН Шийдлийн Засгийн газрын хаалгыг саваад гарах нь тодорхой байсан тул АН-ын удирдлагууд үүнийг нь гярхай ажиглаж, хагас жилийн турш хамтарч ажилласан МАН-ын сайд нарыг Шадар сайд У.Хүрэлсүхийнх нь хамт сор залснаар МАХН-МҮАН-ын эвсэлтэй дэр нэгтгэхээс өөр сонголтгүй болжээ. Тиймээс 1996-2000 онд засгийн эрхийг дөрвөн жилийн хугацаанд барьж байх хугацаандаа дөрвөн удаа Засгийн газраа унагаж тоглосон АН-ынхан “өөрийн дайсан” МАХН-ын даргыг царай алдахад хүрчээ. Саяхан л Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ыг МАХН-тай 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээнд Н.Энхбаяртай сэм хуйвалдаж, гарын үсэг зурсан хэмээн үзэж, намын даргаас нь огцруулаад зогсохгүй Ерөнхий сайдаас нь буулгаж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр “Голсон юм голд орно” гэгчээр Солонгост “гэрийн хорионд” байсан Н.Энхбаярыг их улс төрөөс холдуулах гэсэн АН-ынхны гэнэн бодол талаар болж, хүссэн ч хүсээгүй Засгийн газартаа түүнийг урьж ажиллуулах саналыг тавьсан нь тодорхой болов.
Нэг хэсэг хэвлэлээр түүний хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг Шадар сайд болно хэмээн шуугиж байсан ч Өршөөлийн хууль гарсны маргааш нь гэнэтхэн хэл чимээгүйхэн эх орондоо ирсэн Н.Энхбаяр санаачлагыг гартаа авч, тоглолтыг өөртөө ашигтайгаар эргүүлсэн нь харагдаж байна. Хэрэвзээ тэрбээр Шадар сайд болвол өөрийнх нь эхнэрийг намын Удирдах зөвлөлийн хурал дээр шүүмжилж байсан У.Хүрэлсүхийн ажлыг авч, түүний хийж байсан алдаа дутагдал, идэж уусан байж мэдэх асуудлыг нарийн судлаж, ажилд тохоон томилсон “гар, хөлийг нь” тас цавчиж, ямар нэгэн байдлаар өшөөгөө авах болно гэж ажиглагчид үзэж байна