Өршөөлийн хуулиар улсад онц их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа завшиж, хууль бусаар хөрөнгөжсөн, улмаар шүүхээс ял шийтгэл сонсон ялаа эдэлж байгаа, өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа цагаан захтнуудыг өршөөхөөр тусгасан байгаа.
Эл цагаан захтнуудад “Жаст” группын захирал асан Ш.Батхүү яах аргагүй багтаж буй. Түүний хувьд хуурамч гарын үсэг бүрдүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан билээ.
Түүнд холбогдох хэргийг гурван жил шалгаж байгаа бөгөөд өдийг хүртэл ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байгаа. Ш.Батхүүгийн хувьд ч хуурамч гарын үсэг бүрдүүлж мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Харин түүний эл хэрэгт ажиллаж байгаа шинжээчид нь олон удаа солигдсоноор ийнхүү хэргийг шалгах явцад удаашрал гараад байна гэдгийг хуулийн байгууллагаас хэлж байсан ч үнэн хэрэгтээ Ш.Батхүү Өршөөлийн тухай хууль батлагдан гарахыг л хүлээж байж таарав. Түүний хувьд уг хуулиар суллагдах нь тодорхой юм.