Шударга өрсөлдөөн хэрэг-лэгчийн төлөө газар /ШӨХТГ/- аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК зэрэг нэгжийг хамруулсан байна. Тэдгээрийн ихэнхэд нь хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгааг тогтоожээ. Гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан цахилгааны тоолуурын заалтыг зарим сард “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид газар дээр нь очиж авалгүй таамгаар бичдэг, төлбөрийн бичилт хийхдээ мэдээлэл өгдөггүй, хэрэглэгчдийн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдан их гардаг зөрчлүүдийг илрүүлсэн байна. Түүнээс гадна газар өмчлөх, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй айл өрхтэй гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэв. Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдсоноор хэрэглээний төлбөр 150 квт-аас илүү гарч, өндөр тарифаар төлбөр төлж хэрэглэгчид хохирох явдал их гардаг аж. Түүнчлэн хувийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байжээ. “Тэлмүүн орд” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2800, “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000, “Бадамлах нар” ХХК насос тог нэрээр 2475-11000, “Батбуян дулаан” ХХК ЦТП нэрээр 11000, “Тунамал өргөө” ХХК УДДТ нэрээр 2600 төгрөгийг тус тус авч байжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ч хэллээ. Үүний зэрэгцээ“Тунамал өргөө” ХХК нь орон сууцны халаалт доголдолтой үед орон сууцны айл өрхөөс дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ. Иймд дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагч албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар болсон байна. Одоогийн байдлаар ШӨХТГ-аас хүнсний зарим бүтээгдэхүүний гарал үүсэл, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны тариф нэмэгдүүлсэн шийдвэр, зарим их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэх болсон зэрэг асуудалд хяналт шалгалт хийж байгаа аж.