Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG13” ТББ, “М-Си-Эс Кока-Кола” компаний Спрайт брэндтэй хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Шинэ тутамд хөгжиж буй энэхүү төрлөөр тивийн болоод Дэлхий АШТ-нүүд зохион байгуулагдаж, Олимпийн төрөл ч болохоор яригдаж буй юм.
Тэгвэл энэ зуны тэмцээн энэ сарын 20-24-ний өдрүүдэд 10.00 цагаас Чингисийн талбайд болох ажээ. Дүүргүүдийн эхний гурван байранд орсон багууд Финалын Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч өрсөлдөн шилдэг баг, тамирчдаа тодруулах юм байна. Тэмцээн ФИБА-гийн 3х3-ийн дүрмээр явагдах бөгөөд нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байх аж.
Тамирчид тухайн дүүргийн иргэн гэдгээ Иргэний үнэмлэх авч ирснээр өөрийгөө тухайн дүүргийн иргэн гэдгээ баталгаажуулна. Спрайт 3х3 тэмцээн 18 наснаас доош, 18 наснаас дээш гэсэн хоёр ангилалаар зохион байгуулагдах бөгөөд финалын тоглолттой өдөр буюу 2015 оны наймдугаар сар 23-нд эмэгтэй болон мини /13 доош насны/ ангилалаар зохион байгуулагдаж шилдэг багуудыг шалгаруулах юм байна.
Н.Болд