08.18

Хот “Хөршийн өдөр”-тэй болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи, санаачлагад суурилсан "Хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох албадтай хамтран “Хөршийн хяналт” холбоо хөтөлбөрийг боловсруулж, туршилтын журмаар Нийслэлийн 30 хороонд энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн.

Өдөрлөг, уулзалтад оролцсон хорооны оршин суугч иргэд, СӨХ, Хамгаалалтын ажилтнуудад хөршийн хамгаалалтын үйл ажиллагааны журмын талаар ойлголт өгч, гадаад улс орнуудын хөршийн хяналтын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, санал, хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа. “Хөршийн хяналт” хөтөлбөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдаж, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллахаар болов.    

Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах юм.

Мөн жил бүрийн энэ сарын 22-ныг “Хөршийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.