08.20

Дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт ороогүй

Хичээлийн шинэ жил дөхсөнтэй холбогдуулан үзэсгэлэн худалдаанууд гарч эхэлжээ. Сурагчдын дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-наас эхлэн улсын циркт үргэлжилж байна. Үзэсгэлэн ирэх сарын5-ныг дуустал гарах аж. Сурагчын дүрэмт хувцасны борлуулалт, үнэ ханш зэрэгтэй танилцахаар улсын циркийг зорьлоо. Тэнд “Өүлэн Менч” ХХК дүрэмт хувцсаа худалдаалж байв. Сурагчдын дүрэмт хувцасны журам батлагдаад гуравдах хичээлийн шинэ жилтэй золгож байна. Уг төслийг гүйцэтгэгчээр долоон үйлдвэр тодорсон. Эдгээр үйлдвэрээр дамжаад туслан гүйцэтгэгч жижиг үйлдвэрүүд ч оролцож байгаа аж. Улсын хэмжээнд сурагчид ижилхэн дүрэмт хувцас өмсч байгаа тул бүх компани ижил төрлийн дүрэмт хувцас үйлдвэрлэжээ. Улсын сургуульд суралцагч болгон ёс журмын дагуу дүрэмт хувцсаар жигдэрдэг. Иймээс оёдлын компаниуд нь материал, загвар, үнэ ханшийн хувьд бүгд ижилхэн худалдаалж байна. Долоон компани нь есөн дүүрэг, 21 аймгийг хариуцан авч үзэсгэлэн худалдаагаа гар гасан аж. Энэ үеэр “Өүлэн Менч”ХХК-ийн маркетингийн албаны дарга М. Соёлтой ярилцлаа.

-Ямар насны сургачдын дүрэмт хувцас илүү гүйлгээтэй байна вэ?

-Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас. Анхлан сургуульд орж байгаа гэдэг утгаараа эцэг эхчүүд илүү анхаардаг бололтой.

- Үнэд өөрчлөлт орсон уу. Хүмүүс хүүхэддээ хэдэн ээлжний цамц авч байна вэ?

-Хувь хүнээс шалтгаална. Хүмүүс ихэнхдээ 2-3 ээлжний цамц авч байна. Сорочкон цамцыг зөвхөн манай үйлдвэр хийж бусад компаниуддаа тараадаг. Дүрэмт хувцаснууд өмнө жилийнхээ үнээр худалдаалагдаж байгаа. Цамцны материал, загвар өөрчлөгдсөн. Сурагчдын тохойн хэсэг нь элэгддэг тул тохойвчтой, энгэр ханцуйгаараа эмжээртэй болсон. Үүний үндсэн дээр цамцны үнэ 1500 төгрөгөөр нэмэгдсэн. Цагаан, цэнхэр хоёр өнгийн сонголттой. Бага ангийн хүүхдийн цамц 16000, дунд нь 18000, ахлах ангийнх нь 20000 төгрөгийн үнэтэй. Дүрэмт хувцасны хувьд бага, дунд, ахлах анги, эрэгтэй, эмэгтэй гээд өөр үнэтэй. Тухайлбал, бага ангийн эрэгтэй хослол багцаараа 81300 төгрөг. Өмд хүрэм, цамц, зангиа гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Эмэгтэй нь сарпан, цамц, зангиа нийлээд 59500. Багцдаа нэг цамцтай. Бүх юм нь тусдаа үнэтэй салгаж авч болно. Бага ангийн охидууд сарпаан, өмсөх бол дунд ахлах ангийнх нь юбкатай.

-Өнгөрсөн жил урд хөршөөс оруулж ирсэн чанаргүй материалтай, элэгдэх нь амархан байна гэж эцэх эхчүүдээс сонссон?

-“Монгол ноос” компани монгол хонины ноосыг утас болгож ээрээд Солонгос руу гаргаж даавуу болгож оруулж ирдэг. Энэ төсөл хэрэгжиж эхлснээс хойш нэг л материалаар үйлдвэрлэж байгаа. Цамцны материал нь Турк улсаас ирдэг. Хувцас, цамцны материал хүүхдийн биед ээлтэй, хөлс гадагшлуулах зэрэг заасан стандартын дагуу хийж байгаа. Бүх зүйлийг Монголд үйлдвэрлэе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа байх. Даавуу үйлдвэрлэх үйлдвэр байхгүй учраас даавуугаа зайлшгүй гаргаж үйлдвэрлэх шаардлагатай болсон. Энэхүү дүрэмт хувцсыг улсын гэлтгүй хувийн сургуулиуд ч өмсч эхэлж байгаа.

Э.Төвчимэг