08.20

Согтуу жолооч хоёр хүүхдийг дайрчээ

Өчигдөр Замын цагдаагийн газарт нийт 305 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, СБД-ийн нутаг Их сургуулийн гудамж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун замд Тоёота Королла маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 7 настай эмэгтэй Е нарын хоёр хүнийг дайрч гэмтээжээ.

Мөн СХД-ийн нутаг Нарангийн голын зам, Гүнгэрва худалдааны төвийн зүүн замд Хьюндай Верна маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 35 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан аж.

Архи, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, оролцож яваад зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.