ОБЕГ-аас мэдээлснээр энэ сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн 105 суманд 277 удаагийн ой, хээрийн түймэр гарсан хэмээн мэдээллээ. Энэ хугацаанд гарсан 277 түймрийн 179 түймэр нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Сэлэнгэ аймагт 53 удаа, Булган аймагт 31 удаа, Дорнод аймагт 43 удаа, Хэнтий аймагт 26 удаа, Сүхбаатар аймагт 26 удаа тус тус ой, хээрийн түймэр гарчээ.
Түймрийг унтраахад ОБА-аас давхардсан тоогоор 4498 албан хаагч, 438 автомашин, Хилийн цэргээс 723 албан хаагч, 45 автомашин, Зэвсэгт хүчнээс 730 албан хаагч, 43 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, 5 автомашин, Орон нутгаас 12289 иргэн, 1384 автомашин, 411 мотоцикль, нийт 18315 хүн, 1915 автомашин, 411 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.
ОХУ-аас Монгол Улсын хил давж 10 удаа, БНХАУ-аас Монгол улсын хил давж 2 удаа нийт 12 удаа хээрийн түймэр орж ирсэн. Монгол Улсаас ОХУ-ын хил давж 2 удаа, Монгол Улсаас БНХАУ-ын улсын хил давж 4 удаа нийт 6 удаа хээрийн түймэр гарсан. Түймрийн улмаас 12.200,95 га ой, 5.742.052,91 га хээр нийт 5.754.253,86 га ой, хээрийн талбай шатжээ.
Түймэрт урьдчилсан байдлаар есөн хүн түлэгдэж гэмтэн, 22 машин техник, 67 гэр, 151 хашаа саравч, 7910 толгой мал, 3120 боодол өвс өртөж шатсан байна. Байгаль экологид 20,1 тэрбум, эд материалд 1,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 362,5 сая төгрөг зарцуулсан байна.