11.13

Өчигдөр: Дэлхийн онцлох үйл явдлаас

CNN ОХУ-аас гарав

Олон улсын мэдээллийн суваг CNN ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулиндаа тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гадаадын хөрөнгө оруулалт 20 хувиас дээш байхыг хориглосон шинэ заалт оруулснаас тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ. CNN сувгийг эзэмшигч “Turner International” өчигдөр ийн мэдэгдэл гаргасан байна. ОХУ өнгөрсөн аравдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулсан билээ.

Иранд цөмийн реактор нэмж барина

ОХУ Иранд цөмийн хоёр реактор нэмж барихаар мягмар гаригт хэлэлцээр байгуулсан нь хоёр орны харилцааг сайжруулах нэг алхам болж байна.

Тегеран цөмийн зэвсэгтэй зургаан оронтой цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ энэ сарын 24-нд байгуулахаар төлөвлөсөн юм. Иранд цөмийн хоёр реактор байгуулах хэлэлцээрт хоёр орны цөмийн шинжээчид гарын үсэг зурсан бөгөөд реакторуудыг тус улсад барьсан ОХУ-ын анхны реакторын ойролцоо байгуулах бөгөөд цаашид зургааг нэмж барих гэнэ.

Цөмийн реакторын байгууламжийг Олон улсын цөмийн энергийн газраас хянах ажээ.  Хэрэв Тегеран ураны баяжуулалтын хэмжээг багасгаж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах боломжгүй болговол барууны орнууд тус улсын эдийн засгийн эсрэг хоригоо зөөлрүүлнэ гэж үзэж байгаа юм

Галт уулын халуун лава Хавайн оршин суугчдыг түгшээж байна

Хавайн галт уулын идэвхижсэнээс үүссэн халуун лава хэдэн сарын турш урссаар оршин суугчдын хороололд хүрч, эзэнгүй байшин, сууцыг шатаах хэмжээнд хүрчээ.

Даваа гаригт нэгэн оршин суугч халуун лава 100 м/ кв байшинг хэрхэн сүйтгэж байгааг гар утсандаа бичжээ. Энэ нь АНУ-ын Хавайн хамгийн том арал дээр орших Килауэа галт уулаас урссан лава байшин шатаасан эхний тохиолдол болж байна. Мэргэжилтнүүд галт уулын халуун хайлмагийн талаар өнгөрсөн наймдугаар сараас хойш оршин суугчдад анхааруулж байсан юм. Халуун лава байшин шатаасан нь сүүлчийн тохиолдол биш аж. Галт уулаас урссан халуун лава өнгөрсөн зургадугаар сард Хавайн  “Том арал”-ын хамгийн том хот Пахоад, аравдугаар сард хөдөө аж ахуйн дүүрэг Пунад хүрсэн байна.  Халуун лава замдаа таарсан бүхнийг залгиж байгаа бөгөөд дайрлагад нь хотын оршуулгын газар, цэцэрлэгт хүрээлэн өртсөн гэнэ. Похоа хотын оршин суугч 800 гаруй хүнийг өнгөрсөн сард нүүлгэн шилжүүлсэн юм. Галт уулын халуун лава энэ хэвээр хаана хүрэхийг хэн ч таамаглаж чадахгүй байна.

Б.Обама, В.Путин  нүүр тулгарахаас зайлсхийв

Бээжинд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр сүүлийн үед хурцадмал харилцаатай буй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар бүх зүйл хэвийн мэт дүр эсгэцгээсэн боловч хоёр удирдагч камераас далдуур нэг нэгэнтэйгээ нүүр тулгарахгүйг хичээн, дөлж байсан гэнэ. Албан ёсны уулзалтын үеэр Б.Обама, В.Путин нар нэг нэгэндээ найр тавин  зэрэгцэн зогсч буй зураг интернэтэд олон байгаа хэдий ч хоёр удирдагч ОХУ-ыг эдийн засагт хүндхэн цохилт болсон АНУ, барууны эдийн засгийн хориг, гарын үсэг зурснаас хойш нэг ч өдөр хэрэгжээгүй Украин дахь гал зогсоох хэлэлцээр зэрэг асуудлаар ярилцсан эсэх нь тодорхойгүй байна. Украины хэрэг явдлаас үүдсэн хурцадмал байдлыг олон улсын ажиглагчид хүйтэн дайны үеийн харилцаатай зүйрлэж байна. Кремлийн төлөөлөгч АНУ, ОХУ хоёр харилцан ойлголцохыг хичээж байгаа” гэсэн юм. Олон улсын хэмжээний томоохон уулзалт, хурлын үеэр Б.Обама, В.Путин хоёрын нэг нэгнээ үл тоомсорлосон байдал камерын дуранд өртөх нь хэвийн үзэгдэл болоод байгаа боловч Украины хямралаас хойш тэдний энэ байдал анхаарлын төвд байх болсон юм.

 

Өнгөрсөн зургадугаар сард Францын Нормандад болсон уулзалтын үеэр Б.Обама, В.Путин хамт зураг авахуулахаас илт зайлсхийсэн бөгөөд Б.Обама Британийн хатан хаан II Элизаветыг бамбай болгосон билээ. Өнгөрсөн жил Умард Ирландад болсон нэгэн дээд түвшний уулзалтын үеэр ч аль болох төв царай гаргахыг хичээж байсан бол Б.Обама ОХУ-ын лидерын спортын авьяасын талаар наргиан хийхийг оролдож байжээ. Б.Обама энэ талаар сүүлд нь “В.Путин яг л арын ширээнд сууж байгаа уйдсан хүүхэд шиг харагдаж байсан” гэсэн юм.