08.27

Х.Лхагва: Дубайд болох дэлхийн ур чадварын олимпод оролцоно

 Бразиль улсын Сан Паулу хотноо болсон Дэлхийн ур чадварын олимпод манай улсын есөн залуу анх удаа оролцоод ирсэн. Тэдгээрээс тус олимпын программын удирдлагатай токарь төрөлд өрсөлдсөн Х.Лхагва үзүүлэх тоглолтод бусдыгаа манлайлж алтан медаль хүртсэн билээ. Дэлхийн ур чадварын олимпын хамгийн залуу оролцогчдын нэг тэрбээр энэ жил 17 настай. Хийж бүтээх хүсэл дүүрэн яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн ур чадварын олимпод оролцохын тулд тэмцээнд өрсөлдөж түрүүлсэн гэсэн. Ямар тэмцээнд оролцож хилийн дээс алхах эрхтэй болсон бэ?

-“Монгол ур чадвар” тэмцээнд 2014, 2015 онд оролцож, Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхтэй болсон. Энэ тэмцээнийг 2014 онд хоёр удаа зохион байгуулсан. Тэгэхээр “Монгол ур чадвар” тэмцээнд гурван удаа оролцсон гэсэн үг. Тэр үед CNC токарь төрөлд өрсөлдсөн. Багш болон шүүгч нарын заасан нэг деталь дээр хүндрүүлсэн даалгавар гүйцэтгэж оролцсон. Энэ талын техникийн мэдлэггүй хүн миний эзэмшиж буй мэргэжлийн талаар ярихаар ойлгодоггүй. Бас тайлбарлахад мэргэжлийн хэллэгээр ярих зайлшгүй шаардлагатай учир биеэрээ үзэж байж юуны талаар яриад байгааг мэддэг.

-Ур чадварын олимпод оролцохдоо ямар даалгавар гүйцэтгэж алтан медаль хүртсэн бэ?

-Тэмцээний сүүлийн өдөр оролцогчдын дунд шоу тоглолт зохион байгуулсан. Шоу тоглолтод Японы оролцогчтой нэг баг болон робот бүтээсэн. Би тэр роботны нурууг нь хийсэн юм. Хөнгөн цагаан ашиглаж хийсэн роботны нурууг таван хэсэгт салгаж болох байдлаар бүтээсэн. Бид хугацаанаасаа өмнө буюу өрсөлдөж байсан багаасаа өмнө бүтээлээ хийж дууссан учраас алтан медаль хүртсэн.

-Программ удирдлагатай токарь төрөлд ганцаарчлан оролцсон. Энэ төрөлд ямар даалгавар гүйцэтгэж, хэдэн оноо авав?

-Энэ төрөлд өрсөлдөж байгаа оролцогч 500 оноо авахад ивээн тэтгэгчийн шагнал авдаг. Би 479 оноо авч тэмцээнээ дуусгасан. Уг нь 21 оноо авчихсан бол амжилтаа ахиулах боломжтой байлаа. Даалгаврыг гурван өдөр дараалан гүйцэтгэсэн.

-Ер нь ур чадварын олимпын хамгийн өндөр оноо хэд байсан бол?

-536 оноо авсан нь хамгийн өндөр үнэлгээнд тооцогдсон. Дэлхийн ур чадварын олимпын онцлог нь оролцогч 530 оноонд хүрэх л юм бол алтан медаль авах боломжтой. Тэгэхээр ийм оноотой хэдэн ч хүн тодорсон алтан медалийн эзэн болно гэсэн үг юм.

-Ур чадварын олимпод анх удаа оролцож байгаа гэхэд манай залуус 400-аас дээш оноо авсан гэсэн. Энэ өндөр үзүүлэлт байх нь ээ?

-Манай бусад оролцогчид маш сайн оролцсон. Дэлхийн ур чадварын олимпоос 400-аас дээш оноо авна гэдэг нь өндөр үзүүлэлт. Зарим улсын шилдэг оролцогчид бага оноо авахаараа нэрээ татаад байсан. Тухайлбал, программ удирдлагатай токарийн төрөлд даалгавраа гүйцэтгэсэн оноогоор нь жагсаавал миний хойно зургаан оролцогч байхаар байсан. Гэвч тэд нэрээ татсан. Тэд ихэвчлэн 200-300 авч байсан. Тэгэхээр бидний хувьд анх удаа оролцож байгаа ч ийм үнэлгээ авсан гэдэг нь цаашид дэлхийн ур чадварын олимпын аваргатай болох боломж байгаа гэдгийг харуулж байгаа хэрэг.

-Дараа дараагийн олимпод оролцохоор бэлтгэж байгаа залууст хандаж дэлхийн ур чадварын олимпын талаар илүү мэдээлэл өгнө үү?

-Бразилийн Сан Паулу аюултай хот учраас хамгаалалт өндөр, зохион байгуулалт маш сайн байсан. Биднийг байрлуулахдаа багш, сурагчдыг нэлээн хол зайтай буудаллуулсан. Тухайлбал, багш нарын байрласан буудал биднээс 11 км-ийн зайтай байсан. Бас биднийг тэмцээнд оруулахын өмнө гар утсыг хураан авсан. Энэ нь бусад оролцогчдын гүйцэтгэлийг өөр хүнд мэдээлэхээс сэргийлж буй хэрэг юм. Тэмцээний үеэр өмнө нь танилцсан найзуудтайгаа тааралдсан. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайвань руу олимпын өмнөх бэлтгэл хийхээр долоо хоног явж байсан юм. Тэмцээн болоход шинэ машин ашигладаг. Тийм машин дээр Тайвань, Солонгос, Хятадын оролцогчтой бэлтгэл хийж байв.

-Ур чадварын олимпод оролцохдоо шинэ бүтээлийн санаа олов уу?

-Ямар нэгэн зүйл хийнэ гэхээсээ илүү 2017 онд Дубайд болох Дэлхийн ур чадварын олимпод заавал оролцоно гэсэн зорилготой болсон.

-Дэлхийн ур чадварын олимпод оролцсон тамирчдаас насаараа хамгийн бага нь байсан гэсэн. Бусад улсын оролцогчдын хувьд ямар байсан бэ?

-Программ удирдлагатай токарь төрөлд оролцсон хүмүү сээс хамгийн бага нь би байсан. Түү нээс биш манай улсаас оролц сон хүмүүс дунд надтай насаар чацуутан бий. Ер нь бүгд нэг үеийнхэн дээ.

-Одоо ямар сургуульд сурч байна вэ?

-Барилгын политехникийн сургуульд сурч байгаа. Дараа жил төгсөнө. Би мэргэжилдээ дуртай. Нэг зүйл хийж эхлэхээрээ заавал дуусгаж байж санаа амардаг зантай. Мэдээж гараа эсгэх, бэртээхээс эхлээд хүндрэлтэй зүйл байлгүй яах вэ. Гэхдээ аюулгүй байдлаа хангаад явбал ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. -Ур чадварын олимпод оролцоход гэр бүлийнхэн нь тусалж дэмжсэн байх. -Тэгэлгүй яах вэ. Би айлын бага хүүхэд. Аав, ээж маань намайг бага байхад өөд болсон. Аав Завханых, ээж Архангайн хүн байсан. Одоо эгчийнхээ гэрт амьдардаг. Манай эгч дөрвөн хүүхэдтэй. Дээрээс нь эгч бид хоёрыг нөхрийнхөө дүүтэй өргөж авсан. Бид өнөр өтгөн амьдарч байгаа. Манай том ах Энэтхэгт мэдээлэл технологийн инженерийн чиглэлээр урилгаар ажилладаг. Дараагийн ах Солонгост барилгын архетиктурын инженерээр ажиллаж байгаа. Эгч маань УБИС-д Аялал жуулчлалын ангид багшилдаг.

-Цаашид мэргэжлээрээ ажиллах уу, эсвэл үргэлжлүүлэн сурах уу?

-ШУТИС-ийн Механик ин-женерийн сургуульд орж, мэргэж-лээ улам гүнзгийрүүлэн сурах бодолтой байгаа.

-Одоо хийж байгаа бүтээл бий юү?

-Шатрын хөлөг хийж эхэлсэн. Одоохондоо дуусаагүй байгаа.