08.27

Сайн мэдээ: Сургуулиуд дээр хийжүүлсэн ундаа зарахыг хоригложээ

Уншигч таньтай тун сайхан мэдээг хуваалцах болсондоо таатай байна. Учрыг тодруулбал,ШӨХТГ-аас нийслэлийн зургаан дүүргийн 69, 18 аймгийн 402 дунд сургууль, нийт 471 төрийн болон хувийн дунд сургуульд шалгалт явуулж, улмаар сургууль дээр хийжүүлэх ундаа зарахыг хориглох тухай шийдвэр гаргажээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургууль дээрээ юу идэж ууж байдгийг хянах боломж байдаггүй.
 
Өдрийн хоолных нь мөнгийг өгөөд явуулахаас тийм зүйл авч ид, уу хэмээн шахаж шаардах боломжгүй. Хүүхдүүд сургуулийнхаа гуанз, цайны газарт юу байгааг л аваад идчихдэг. Тэгвэл эдгээр газруудад хийжүүлсэн газтай ундаа зарахыг хориглох шийдвэрийг гаргасан нь яах аргагүй эцэг эхчүүдийн хувьд чихэнд чимэгтэй сайхан мэдээ байх нь дамжиггүй. 

Мөн энэ шалгалтын үеэр үнэгүй цэвэр усаар хангаж байгаа эсэх, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, зөөврийн савтай ус цэвэршүүлэгчийн хүрэлцээ хангамж хэр байгааг шалгаж үзээд хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн байна. Тиймээс цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 630 сургуульд цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, сурагчдын цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгож, энэ талаар хяналт тавьж ажиллахаар болжээ. 

Мөн сургуулийн цайны газаргүй сургуулиудад шаардлага хүргүүлж хүүхдүүд гаднаас биш сургуульд дотроо хооллож ундлах боломжийг хангах талаар анхаарч ажиллах аж. Гүйцэтгэлийг ирэх аравдугаар сард дахин шалгахаар болсон байна.