08.28

Ч.Сарантуяа:Ирэх сарын дундуур цочих хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас энэ сарын сүүл, ирэх сарын эхээр цаг агаарын төлөв байдал ямар байх талаар тодрууллаа.

 

-Энэ сарын сүүлээр нийт нутгаар цаг агаар ямар төлөвтэй байх вэ?

 

-Энэ сарын эхээр нийт нутгаар дулаан байсан. Дунд үеэр ихэнх нутгаар бороотой байлаа. Их нууруудын хотгор, Алтайн өмнө нутаг, говь талын нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 30 хэм хүрч халсан. Зүүн бүсийн нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо хааяа орж сэрүүхэн байлаа. Харин энэ сарын сүүлээр баруун, төв болон зүүн аймгаар түр зуурын бороо орох төлөвтэй байна. Агаарын хэмийн хувьд энэ сарын сүүлийн хоёр хоногт хойд нутгаар бага зэрэг сэрүүснэ.

 

–Ирэх сард хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлвөөр ихэнх нутгаар агаарын хэм олон жилийн дундажтай адил байна. Говийн бүс, зүүн аймгуудын нутгаар дулаан байна. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн бүс, зүүн аймгуудын баруун хэсэг, говийн зарим нутгаар өмнөх жилүүдийн адил бороо орох төлөвтэй байна. Олон жилийн дундажтай адил нутгийн хойд хэсэг, Сэлэнгэ, Булганы нутаг, Хэнтий, Дорнод, Хөвсгөлийн хойд хэсгээр 30-40 мм хур тунадас орно. Баруун болон говийн нутгаар 4-20 мм, бусад нутгаар 20-30 мм буюу үүнээс багавтар хур тунадас орно. Ирэх сарын дундуур нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ. Баруун болон төвийн уулархаг бүс нутгаар 3-8 хэм хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Цаашдаа сарын сүүл, дуунд үеэр дулаарч, ихэнх нутгаар өдөртөө 21-26 хэм хүрэх төлөвтэй байна. Тиймээс энэ сарын сүүлийн дулаан өдрүүд, ирэх сарын дунд үеийг ашиглаад иргэд тариа, ногоогоо хураах хэрэгтэй.