08.28

Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан шинэлэг үйлчилгээ нийтийн тээврийнхнийг ч бухимдуулж эхэллээ

Хоёр хоногийн өмнө цахим ертөнцөд ч“ Нийтийн тээврийн салбарынхан ажил хаялт зарлана. Маргааш ажилдаа явахдаа иргэн бүр зохицуулалт хийгээрэй. Жолооч, мөнгө хураагч нарт шинээр хэрэгжиж буй ухаалаг системийн шинэчлэл таалагдахгүй байгаа гэнэ. Өмнө нь тасалбар тараадаг байхдаа иргэдийн төлсөн мөнгөнөөс хумсалдаг байсан хүмүүс гар дээрээ ганц төгрөгийн орлогогүй болохоор ажил хаяхаараа сүрдүүлж эхэллээ” гэх анхааруулсан үгс фэйсбүүк, твиттер хуудсаар хөвөрч эхэлсэн.

 

Ийнхүү иргэд өчигдөр өглөө бэлтгэлтэй гарч ирсэн ч автобус хэвийн явж байлаа.“Ашгүй дээ ажил хаялт зарлаагүй байна” гэж өөр хоорондоо баярлан ярилцах хүн цөөнгүй байв. Нэг үгээр хэлбэл, нийтийн тээврийнхэн нийгмийг бүхэлд нь айдаст автуулж, дуртай үедээ ажил хаялт зарладаг дураараа дургидаг ажилчдаар дүүрсэн гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Ажил хаялт зарлахад олон хүний эрх ашиг давхар зөрчиж байдгийг тэд мэддэггүй бололтой. Чухам ямар шалтгаанаар ажил хаялт зарлах болсныг нэхэн сурвалжилсан юм. Таван шар- Офицеруудын ордон чиглэлд явдаг автобусны жолооч Ж.Энхтайванаас яагаад ажил хаях асуудлыг ярьсан талаар тодрууллаа.

 

Тэрбээр “Богино эргэлтээр зорчих нь ачааллыг нэмэгдүүлж байна. Шинэчилсэн маршрутыг иргэд ерөөсөө ойлгохгүй, ямар автобусанд суухаа ч мэдэхгүй хүн олон орж ирэх юм. Зарим маршрутыг буруу тогтоосон. Автобусны жолооч нарын дунд санал асуулга явуулах хэрэгтэй байлаа. Гэвч тэгээгүй. Хүмүүсийн их зорчдог чиглэлд автобус явахгүй. Тиймээс иргэд их бухимдалтай үйлчлүүлж байна. Хувийн автобус компанийхан ажил хаялт зарлана гэж сонссон. Шалтгаан нь цалингаа хугацаандаа тавихгүй байгаа” гэх хариултыг өглөө. БММЗ-Зайсан чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг жолоочийн хэлж буйгаар “ Хувийн аж ахуйн нэгжүүд нийлж ажил хаялт зарлана. Богино эргэлтийн үйлчилгээ хэрэгжиж эхэлснээс автобусанд суух хүний тоо эрс буурлаа. Дийлэнх нь микроавтобусанд суучих юм. Орлого багасч компани алдагдалд орж эхэллээ. Мөн мөнгө хураагчид ажлаа хийхгүй. Зарим хувийн компани халж байна. Шинэлэг ажил хийж байгаа нь нэг талаараа зөв. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө мөнгө хураагчдыг яах вэ гэх асуултын хариултыг гаргачихсан байх ёстой биз дээ. Аливаа ажлыг хийхээсээ өмнө урьдчилан төлөвлөгөө гаргах хэрэгтэй” гэлээ.

 

Өнгөрсөн долоо хоногт миний хувьд 25 дугаар эмийн сангаас 11 дүгээр хороолол орох гэж цаг орчим автобус хүлээгээд ирээгүй. Харин 10 минутын хооронд Таван шар-Офицеруудын ордон гэх зургаан автобус ирсэн юм. Тэгэхээр шинэчилсэн маршрутыг буруу гаргасан гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Сурвалжлага хийх явцад богино эргэлт, шинэчилсэн маршрутыг буруушаах хүнтэй олон таарав. Энэ талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

Т.Энхбаяр: Хүмүүсийн эрэлт нь дээр тоглолт хийж цалин хөлсөө нэмүүлж болохгүй

-Богино эргэлтээр явж байгаа нь үнэхээр хүндрэлтэй байна. Олон дамжихаар их мөнгө төлдөг. Өмнө нь би ажил руугаа500 төгрөгөөр явдаг байв. Харин одоо 2000 төгрөгөөр явж эхэллээ. Ирж, очихын4000. Эдийн засаг хүнд иргэдийн амьдрал хэцүү байхад ийм шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Автобусны мөнгөгүй хүн зөндөө байдаг. Автобусны мөнгө хураагч байхгүй үйлчлүүлэхэд амар байна. Нийтийн тээврийнхэн дуртай үедээ ажил хаялт зарлахаа болих хэрэгтэй. Автобусанд суудаггүй хүн гэж байхгүй. Хүмүүсийн эрэлтэн дээр тоглолт хийж, цалин хөлсөө нэмүүлж болохгүй. Бид ч гэсэн адилхан амьдрах гэж яваа хүмүүс.

 

Л.Давааням: Иргэдийнхээ халаасыг тэмтрэхээ боль

-Гэрээсээ гараад ямар автобусанд сууж100 айл орохоо мэдэхгүй. Гурав дамжиж арай гэж нэг юм ирлээ. Хөгшин хүмүүс бол хаана сууж, хаана буухаа мэдэхгүй мунгинаж байна. Гаднын орны хөгжлийг дагаж шинэчлэл хийж байгаа гэсэн. Эхний ээлжид дуртай үедээ ажлаа хаядаг нийтийн тээврийнхэндээ хариуцлага тооцож сурах хэрэгтэй. Картаа аваагүй хүмүүсийг ирэх сарын 1-нээс 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн. Иргэдэд ял оноож байгаа юм уу. Яагаад ижилхэн 500 төгрөгөөр үйлчлүүлж болохгүй гэж. Энэ мэтчилэн иргэдийнхээ халаасыг тэмтрэхээ болих хэрэгтэй.

 

Шинэ чиглэлийн маршрутыг иргэд тайшаахгүй байгаа. Учир нь, 500 төгрөгөөр зорчдог газраа 1500 төгрөгөөр үйлчлүүлхийг хэн хүсэх билээ. Идэх хоолныхоо мөнгийг арай ядан залгуулдаг хүмүүс илүү төлөлт хийхийг эсэргүүцэх нь зөв гэмээр. Хөл муутай хөгшид хүртэл буруу автобусанд бууж, сууж аргаа барсандаа автобусны жолоочийг аашилж харагддаг. Орон нутгаас оюутнууд ирчихсэн хотын хөл хөдөлгөөн ихэсч байгаа энэ үед “Картаа алдлаа” гэсэн хүмүүс хаа сайгүй автобусанд таардаг боллоо. Ямартай ч орлого бага, цалин буугаагүй гэх шалтгаанаар нийтийн тээврийнхэн тун удахгүй ажил хаялт зарлах нь ойлгомжтой боллоо. Орлогогүй гэх үгний цаана олон асуудал нууцлагдмал хэвээр байна. Тухайлбал, тус салбарт 1500 мөнгө хураагч ажилладаг байсан. Гэтэл шинэлэг үйлчилгээ нэвтэрснээс шалтгаалж 400 нь хяналт шалгалтын ажилтнаар үлдэхээр болсныг эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгэхээр 1100 хүн ажилгүйчүүдын эгнээнд шилжинэ гэсэн яриа нийтийн тээврийнхний дунд тархаж эхэлжээ. “Тэнүүн-Огоо” компанийн хянагч Т.Эрдэнэсувдаас энэ талаар тодруулахад“Маргааш ажил хаялт зарлана гэх мэдээлэл байна. Одоохондоо бид хянагч хийгээд явж байна. Хүмүүсийн ярианаас сонсоход хувийн хэвшлийн компаниуд ажилчдаа халчихсан. Хэдхэн хүнийг угаагч, хянагчаар авч үлдсэн гэж байна лээ. Ажлаасаа халагдчихвал амьдрал хэцүү. Мөнгө хураагчдын хувьд ихэнх нь өрх толгойлсон хүмүүс байдаг. Тэгээд ч биднийг хөгшин, боловсролгүй гээд ажилд авахгүй шүү дээ. Тиймээс үүнд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй. 1500 хүний цаана 3000 гаруй хүний амьдрал давхар хөндөгдөнө” гэж хоолой зангируулан ярьж байв.

 

Нийтийн тээврийнхэн богино эргэлт, шинэчилсэн маршрут, мөнгө хураагчдын ажлын байрны баталгаа зэргийг эсэргүүцэж, хөл хөдөлгөөн ихсэх үе буюу хичээлийн шинэ жилийг далимдуулан ажил хаялт нэрийдлээр шантааж хийх нь тодорхой болоод байна.

 

Нөгөө талаар хоногийн хоолоо арай ядан залгуулдаг хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдэг амаргүй даваа. Мөнгө хураагчид айдас тээж ажлаа хийж байгааг буруушаах эрх хэнд ч байхгүй гэлтэй. Тиймээс эргэлзээ дагуулсан энэ мэтчилэн асуултын хариултыг нийслэлийн Тээврийн газарт ажил хаялт зарлана гэдэг албан мэдэгдэл хүргүүлсэн гэнэ.

 

Энэ талаар тус газрын дарга О.Түшигээс тодрууллаа.

 

-Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлана гэж байна. Танайд албан бичиг ирүүлсэн гэсэн. Ажил хаяна гээд иргэдийг хохироож болохгүй биз дээ. Танайхаас үүнд холбогдох ямар арга хэмжээг авч байна вэ?

 

-Хоёр хоногийн өмнө нийтийн тээврийн компаниуд албан бичиг ирүүлсэн. “Маргаашнаас бид зогсолт хийнэ. Өдөр тутам ордог орлогын хуваарилалт удаан байна” гэсэн. Бид ч холбогдох хүмүүстэй уулзаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хэлэлцээр хийж, түр хойшлуулсан байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн тээврийнхээ хариуцлагыг ухамсар-лаж, ажил хаялтаа хойшлуулах саналыг зөвшөөрсөн. Э.Бат-Үүл дарга одоогоор эзгүй байгаа. Хотын даргыг ирэхээр уг асуудлыг ярилцахаар болсон. Тэгэхээр иргэд одоохондоо санаа зоволтгүй.

 

-Ямар шалтгаанаар ажил хаялт зарлах гэж байгаа нь бол?

 

-Богино эргэлтээр явж байгаа болохоор орлого орохгүй байна. Бензин шатахуунгүй болж байна гэсэн. Мөн нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг тавихгүй байгаатай холбоотой. Хичээлийн шинэ жил эхлэх гээд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд ямар ч мөнгөгүй болохоор бухимдалтай байх шиг байна.

 

-Богино эргэлтээр явахаар орлого нэмэгдэнэ гэж байсан шүү дээ. Жишээлбэл хүмүүс Ханын материалаас хотын төв хүртэл нэг л автобусанд суудаг байсан. Одоо хоёр дамжиж сууж байна. Тэгэхээр орлого бүр л нэмэгдэх юм биш үү?

 

-Шинэчилсэн төлөвлөлт орлоготой ямар ч холбоогүй. Орлогыг нэмэгдүүлэхийн тулд ингэсэн гэж ойлгож болохгүй. Үүнийг бид бодлогын хүрээнд замын хөдөлгөөний нөхцөл байдал, агаарын бохирдол, орчинтой холбоотой олон хүчин зүйлийг үндэслэж шинэчилсэн төлөвлөлт хийсэн. Сэлгэн суултын асуудлыг иргэд тавьж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 картыг борлуулахаар төлөвлөсөн. Гэтэл одоогоор 240 орчмыг борлууллаа. Карт хангалттай борлогдохоор сэлгэн суултын асуудлыг авч хэлэлцэнэ. Тэгэхээр иргэд автобусанд үйлчлүүлдэг смарт картаа хурдан авах хэрэгтэй байна.

 

-Эдийн засаг доройтож байгаа энэ үед иргэдийн халаасыг тэмтрэх зорилгоор автобусанд олон сэлгэн суулгаж эхэллээ гэх хүн олон байна. Өмнө нь ажил, гэр рүүгээ 1000 төгрөгөөр явдаг байсан бол одоо 3000-4000 төгрөгөөр явж байна. Ингэж иргэдээ шийтгэсэн шинэчлэл хийх шаардлага байсан юм уу?

 

- Автобус хотын нэг захаас нөгөө зах хүртэл замын хөдөлгөөний ачаалал үүсгээд явдаг байсан. Энэ шинэчлэлийг хийхгүй бол салбар уналтад орох дээрээ тулчихаад байлаа. Маргааш та 500 битгий хэл 5000 төгрөгөөр явъя гэхээр автобусгүй болчих гээд байна. Орлогоо булаацалддаг, кондуктор нь зорчигчоо загнадаг, зоддог бүх асуудлыг алга болгохоор л ажиллаж байгаа.

 

-Автобусанд зорчдог картаа алдлаа гэхэд ямар ч нууцлалгүй. Өөр хүн ашиглах боломжтой юм билээ. Банкны карт шиг нууцлалтай байж болоогүй юм уу?

 

-”Улаанбаатар смарт карт” компани манай төслийг хэрэгжүүлэгч. Энэ талаар ярилцана. Анх иргэн картаа алдлаа гэхэд хүчингүй болгоно. Тухайн хүн картаа авахад цэнэглэсэн мөнгөтэй нь гаргаж өгье гэж ярьж байсан. Шинэчлэл хийгээд удаагүй байна. Янз бүрийн алдаа дутагдал гарч байгаа. Засч, сайжруулаад ажлаа үргэлжлүүлнэ.

 

-Шинэчлэлийн дагуу мөнгө хураагчид ажилгүй болохоор байгаа. Өөрсдөө ч “Иргэд картаар үйлчлүүлээд сурчихлаа. Бид энд байх шаардлагагүй” гэж байна лээ. Зарим автобус компани клндукторуудаа халсан гэнэ. 1000 гаруй хүнийг шууд ажилгүй болгохоор амьжиргааны төвшин муудна. Үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?

 

-Ажлаас нь хална. Ажилгүй болгоно гэж хэлээгүй. Харин хянагч шалгагчийн орон тоон дээр ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1500 орчим мөнгө хураагч бий. Нийслэлийн тээврийн газраас мөнгө хураагчдыг ажлаас нь хал гэсэн шийдвэрийг автобус компаниудад өгөөгүй. Зарим компани мөнгө хураагчаа халсан тохиолдол байгаа. Мөнгө хураагчид л өөрсдөө цахим картын үйлчилгээнд шилжсэн бид ажилгүй боллоо гэж яриад байх шиг байна лээ.

 

-Мөнгө хураагч хуйвалдаж шилэн хайрцганд цугларсан орлогын мөнгийг хулгайлсан хэрэг гарсан. Үүнд ямар хариуцлага тооцсон бэ?

 

-Хуулийн байгууллагад шилжүүлсэн. Бүх автобус дотроо камертай. Автобусан дотор болж буй бүх үйл явдлыг цаг минут бүрт бичиж авч байгаа.

 

- See more at: http://www.unen.mn/content/53435.shtml?alias=unen#sthash.bN5BllbC.dpuf